Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад бусдын гарт онц ноцтойгоор амиа алдсан хэрэгтэй холбоотой давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-ны өдөр Малайз улсад болохоор байна.Талийгаачийн аав С.Шаарийбуу уг шүүх хуралд оролцохоор Малайз улсыг зорьжээ.
Ш.Алтантуяа нь 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Малайз улсад хоёр этгээдийн гарт буудан амиа алдаж, улмаар цэргийн зориулалттай тэсрэх бөмбөг ашиглан цогцсыг нь дэлбэлсэн ноцтой хэрэг гарсан юм.
Уг хэргийн гүйцэтгэгчээр буруутгагдсан Азила Хадри, Сирул Азхар Умар нарт 2009 онд Малайзын шүүхээс цаазаар авах ял оноосон байдаг. Харин хэргийг захиалсан байж болзошгүй этгээдээр тухайн үеийн Малайзын Ерөнхий сайд асан Абдул Разак Багинда нэрлэгдэж байв.
Малайзын шүүх 2022 оны 12 дугаар сарын 16-нд Ш.Алтантуяагийн гэр бүлийн таван гишүүнд 1.5 сая сингапур доллар, буюу ойролцоогоор 3.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгох шийдвэрийг анхан шатанд гаргасан юм. Гэвч Багинда болон холбогдох талууд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар ээлжит шүүх хурал ийнхүү товлогдоод байна.
Талийгаачийн ар гэрийнхэн уг хэргийг шударгаар эцэслэн шийдвэрлүүлэхийн төлөө 20 дахь жилдээ шүүхийн хаалга татаж буй нь олны анхаарлыг татсаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна