“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэрэг шалгагдаж, шүүгдэж эхэлснээс хойш дөрвөн жилийг ардаа үдээд байна. Энэ хугацаанд уг хэрэг анхан шатны шүүхэд хоёр удаа, давж заалдах шатны шүүхэд нэг удаа, Улсын дээд шүүхэд нэг удаа тус тус хэлэлцэгдсэн юм.

Хамгийн сүүлд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны есдүгээр сарын 8-наас 17-ны хооронд 10 хоногийн турш шүүх хуралдаж, гурван аж ахуйн нэгж, 19 хүнийг буруутган яллаж, 23 хүнийг цагаатгах шийдвэр гаргасан билээ.

Гэвч уг анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурор Ц.Гансүлд, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Х.Онолт нар бүхэлд нь эсэргүүцэн бичсэнээр хэрэг дахин давж заалдах шатанд шилжсэн байна. Давж заалдах шатны шүүх хурал 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогдоод байна.

Анхан шатны шүүхээр цагаатгагдсан хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг багтсан бөгөөд тэрбээр Хөгжлийн банкны хэрэгт өөрийгөө огт хамааралгүй, улс төрийн захиалгатайгаар хэлмэгдсэн хэмээн мэдэгдэж байсан юм.

Тодруулбал, Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхдаа Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарын хамт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдан авсан, мөн “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх үндэслэлээр шалгасан байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ч прокурорын эсэргүүцлээр Улсын дээд шүүх 2024 онд хянан хэлэлцэж, цагаатгасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм.

Улсын дээд шүүхийн үзсэнээр анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд үнэлээгүй, хэрэгт ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг орхигдуулсан гэж дүгнэсэн байдаг.

Ингэснээр 42 иргэн, гурван хуулийн этгээдэд холбогдох томоохон хэрэг дахин анхан шатанд хэлэлцэгдэж, улмаар дээрх шийдвэр гарсан ч прокурорууд бүхэлд нь эсэргүүцэл бичсэнээр давж заалдах шатны шүүхээр хоёр дахь удаагаа хэлэлцэгдэхээр болж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцсэн тул уг хэрэг олон шүүгдэгчийг хамарсан томоохон шүүх хурал болж, хэд хоног үргэлжлэх магадлалтай байна.

Хэрэв давж заалдах шатны шүүх Н.Алтанхуягийг буруутай гэж үзвэл түүнийг улс төрийн сонгуульт албан тушаалд, тэр дундаа Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй болох эрх зүйн үр дагавар үүсэх юм.