Театрын ид шидийг мэдрэх сүүлийн хоёр өдөр үлдлээ 

Театрын урлагт дурлагсдын хувьд алдаж боломгүй мөч ирлээ. Александр Володины “Таван үдэш”  зохиолоос сэдэвлэн бүтээсэн сэтгэл догдлуулсан, ухаарал бэлэглэсэн “Намайг дагуулаад яваач” жүжгийн хаалтын тоглолтын өдрүүд эхэлж, тайзнаа ердөө хоёрхон удаа дахин амилаад өндөрлөх гэж байна.  

Оросын сонгодог драмын сод бүтээл болох энэхүү жүжгийг орчуулан, орос найруулагчийн уран сэтгэмж, монгол жүжигчдийн гайхалтай ур чадвартай хослуулан бүтээсэн нь үзэгчдийн сэтгэлийг олон өдрийн турш баясгаж тайвршуулж чадсан бөгөөд “Намайг дагуулаад яваач”  жүжиг бол хайр, цаг хугацаа, учрал, алдсан боломж, дахин олдсон итгэлийн тухай сэтгэлд хоногших түүх байлаа. 

Хамгийн хайр татам нь  жүжигчид өөрсдийн дүрээ чин сэтгэлээсээ амилуулж, үзэгчдийн зүрх сэтгэлд хүргэж чадсан нь энэ бүтээлийг бүр ч онцгой болголоо.  Тайзан дээр өрнөх энгийн мэт атлаа гүн утга агуулсан харилцан яриа бүр нь амьдралын үнэнийг илчилж, хүн бүр өөрийгөө тэндээс олж харах шиг болсон гэдэгт итгэлтэй байна. Одоо энэ сайхан мэдрэмжүүдийг мэдрэх хоёрхон өдөр, хоёрхон боломж үлдлээ.

Урлагийн энэ гайхамшигт бүтээлийг амьдаар нь мэдэрч, өөрийгөө нээх, сэтгэлээ тэтгэх ховорхон агшныг бүү алдаарай. Театрын гэрэл унтарч, хөшиг хаагдсаны дараа ч таны дотор удаан хугацаанд гэрэлтэх тийм гоё мэдрэмжийг таньд бэлэглэх болно.