“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ХААН банк Өвөрхангай аймагт 515 мянган мод тарихаар гэрээ байгуулжээ. Төслийн хүрээнд Онги гол дагуу 70 га талбайд навчит мод бүхий татмын ойжуулалт, Хайрхандулаан сумын Ханхөгшин хайрханы орчим 150 га талбайд шилмүүст модны бортоготой тарьцаар уулын ойжуулалт хийх бөгөөд ажлыг энэ онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мод тарих болон тарьсан модыг арчлах, хамгаалах, амьдрах чадварыг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэгчийг ХААН банк сонгон шалгаруулж, гурван жилийн дараа орон нутагт хүлээлгэн өгөх юм.

ХААН банк нийгмийн хариуцлагын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ойн нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, ойн сангийн доройтолд орсон талбайн экологийн тэнцвэрт байдлыг сэргээх, байгаль орчны хамгаалалд бодитой хувь нэмэр оруулах зорилт тавьж байгааг гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа ярилаа.