Сэтгэл санаа өөдрөг байх чинь л амжилт. Эрт босож, их хөдөлмөрлөж, өдөржин хичээж зүтгэсэн ч сэтгэл дотор унжгар, хүнд байвал тэр бүх хөдөлмөрийн амт нь бүдгэрчих шиг л болдог.

Заримдаа бүр “хий дэмий л зүтгээд байна уу” гэж хүртэл бодогдоно. Гэхдээ зарим асуудал хөдөлмөрт биш, харин доторх өнгө аясанд оршино. Сэтгэл өөдрөг байхад жижиг алхам ч урагш ахиц шиг мэдрэгддэг. Харин сэтгэлээр унасан үед том амжилт ч хоосон, утгагүй мэт санагдана. 

Өөдрөг байна гэдэг нь заавал ямар нэгэн гайхамшиг тохиолдох биш. Ирээдүйд сайхан зүйл заавал болно гэж мөрөөдөхөөс илүү, яг одоо байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун, бахархалтай байхыг хэлнэ. Энгийн нэг өдөр, хийж байгаа ажил, уулзаж буй хүмүүс, өөрийнхөө бага багаар урагшилж буй алхам бүрийг анзаарах тэр мөчид сэтгэл өөрөө гэрэлтэж эхэлдэг. Үүнийгээ дагаад ч та ч өөрийн эрхгүй мишээж эхэлнэ. Өөдрөг байдал хэн нэгний өгдөг бэлэг биш. Харин дотроосоо бий болгох хандлага. Тэрхүү хандлага өөрт байвал хамгийн энгийн өдөр ч амжилт, аз жаргал,  тайван байдлын нэг хэсэг болж хувирна.