Бид бүгдээрээ үнэндээ хэн нэгнийг хайж амьдардаг. Өөрийг маань ойлгох нэгнийг. Жижигхэн амжилтад хүртэл чин сэтгэлээсээ баярлах нэгнийг. Ядарсан үед дэргэд чимээгүй сууж, аз жаргалтай үед хамтдаа чанга инээх нэгнийг. Учир нь амьдралын үнэ цэнийг бид туулсан зам биш, мөр зэрэгцэн алхах хүрээлэл тодорхойлдог мэт.
Хуваалцах хүнтэй байна гэдэг ганцаараа биш гэсэн мэдрэмжээс ч илүү зүйл. Энэ бол баярлах шалтгаан хоёр дахин томорч, гуниглах мөч бүр хагас болж хөнгөрдөг ертөнц юм.
Зарим аз жаргал нүдэнд харагддаггүй. Гартаа атгаж ч болдоггүй. Гэхдээ амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг нь яах аргагүй хуваалцах хүн байдаг.
Учир нь аз жаргал гэдэг ганцаараа хадгалдаг зүйл биш. Яг л анхилуун цэцгийн үнэр салхинд түгэхдээ утгаа олдог шиг, хүний сэтгэл ч хэн нэгэнд хүрч байж бүрэн дүүрэн болдог.
Аз жаргал гэдэг дандаа өндөр оргилд хүрэхийг хэлдэггүй. Заримдаа ажлын дараа “Өнөөдөр их ядарлаа” гэж хэлэхэд чинь “Амар даа” гэж хариулах нэгэн байхыг хэлдэг. Өглөөний анхны нар мандахыг хараад “Ямар гоё өглөө вэ”гэж бичихэд яг адилхан догдолж чаддаг хүн байхыг хэлдэг. Шинэ газар очоод хамгийн түрүүнд “Энийг чамд л үзүүлмээр байна” гэж бодогдох тэр мэдрэмжийг хэлдэг.
Хуваалцах хүнтэй байна гэдэг зөвхөн баяр баясгалангаа бус, нулимсаа ч нуухгүй байж чадна гэсэн үг. Өөрийгөө хүчтэй харагдуулах гэж дүр эсгэхгүйгээр “Өнөөдөр надад хэцүү байлаа” гэж хэлэх зоригийг өгдөг хүнтэй байна гэсэн үг. Тэр хүн асуудлыг чинь бүрэн шийдэхгүй байж магад. Гэхдээ хамт сонсож, хамт дуугүй сууж өгсөнөөр л ачааны хагасыг үүрчихдэг.
Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй. Хэзээ нэгэн өдөр бидний эзэмшиж байсан зүйлс мартагдана. Харин бидний хамт өнгөрүүлсэн мөчүүд хэн нэгний дурсамжид амьд үлдэнэ. Тиймээс хайртай хүмүүстээ “Дараа” гэж бүү хойшлуул.
Эцэст нь бид амьдралаас хэчнээн их зүйл авснаараа бус, хэчнээн их мөчийг хамтдаа бүтээснээрээ баян болдог. Хуваалцах хүнтэй байна гэдэг ганцаардлыг арилгахаас илүү утга учрыг бий болгодог. Учир нь аз жаргал хуваалцах тусам багасдаггүй. Харин улам үржиж, улам гэрэлтэж гийгүүлнэ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!