Амьдрал гэдэг ердөө нэг л хэвийн үргэлжилдэг зүйл биш бололтой. Өдөр бүр өөр, өглөө бүр шинэ, заримдаа бүр өчигдрийн бодлоо өнөөдөр өөрөөр харах үе ч байна.

Саяхан л нар хурц тусаж, урт өдрүүд үргэлжилж байсан бол одоо сар илүү удаан саатаж, өдрийн богино, шөнийн урт ноёлно.

Хүний амьдрал ч бас түүнтэй адил байх. Өнөөдөр болохгүй байгаа зүйл маргааш бүтэж, гунигтай өдөр инээмсэглэлтэй өдрөөр солигдоно. Заримдаа хэт их яарч, бүхнийг нэг дор шийдэх гэж зүтгэхийн оронд түрхэн зуур зогсоод, “энэ зүйл ч, эдгээр цаг хугацаа ч бас өнгөрч одно” гэж өөртөө шивнээрэй.  

Эцсийн дүндээ сайжирч л байгаа юм байлгүй. Сар, нар хоёр ээлжилсээр л байна. Тэгэхээр амьдрал ч бас өөрийнхөөрөө үргэлжилсээр л байх нь.

Бид өөрсдөө өөрчлөгдөж байгаагаа тэр бүр анзаардаггүй. Өчигдрийн тэвчээргүй байсан зүйлдээ өнөөдөр тайван хандаж, урьд нь өвдөж, шаналдаг байсан зүйлсээ одоо зүгээр л өнгөрөөж чаддаг болсон байдаг.

Зарим зүйл аажмаар холдож, зарим зүйл чимээгүйхэн өөрчлөгдөж, заримдаа өөрөө ч анзааралгүй өчигдрийн хүнээсээ бага багаар холдсоор байдаг.

Өдөр шөнөөр солигддог шиг амьдрал ч бас өөрийн хэмнэлтэй ажээ.