Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний асуудлаар байгуулсан гурван талт хамтын нэмэлт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахыг эмч ажилтнууд шаардаад буй.

Энэ талаар өөрийн цахим хуудаснаа МЭМА-ны ҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяа: “ Өнөөдөр бид шинэ шаардлага тавиагүй. Байгуулсан хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, тохирсон үндсэн цалингийн нэмэгдлийг бодит үр дүнд хүргэхийг шаардаж байна” гэв.

Тэрбээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, хариуцлага, ажлын ачаалал, цалин хөлсний бодит байдал хүнд хэвээр байгааг онцоллоо.

Мөн хууль болон байгуулсан хэлэлцээрийг зөрчих, хэрэгжилтийг хойшлуулах асуудал байж болохгүйг тодотгож, төр хүлээсэн үүргээ биелүүлэн, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийг бодитоор үнэлэхэд хариуцлагатай байр суурь гаргах ёстой гэдгийг хэлэв.