Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бусад аймгаас ямаа, ухна оруулах шилжилт хөдөлгөөнийг 30 хоногийн хугацаанд хязгаарлах шийдвэр гаргалаа.
Тодруулбал, отор нүүдэл, худалдаа арилжаа, үржил болон бусад зориулалтаар тус аймгийн нутаг дэвсгэрт ямаа, ухна оруулахыг хязгаарлажээ.
Хурлаар ямааны годрон өвчин Баян-Өлгий аймагт зөөвөрлөгдөн орж ирэх, цаашид тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдлын мэдээллийг сонссон байна.
Одоогоор Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум болон Төв аймгийн Алтанбулаг суманд мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдээд байгаа юм. Уг халдвар ойролцоох аймаг, орон нутагт тархах эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!