С.Даваасүрэн: Үнэнээс илүү худал ярьдаг хүмүүс төрийг хэрхэн хүчгүйдүүлж, тамирдуулж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ

Админ
2019/11/05

Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга С.Даваасүрэн өнөөдөр мэдэгдэл хийж,  Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэлдээ "Том асуудал нь төрийг тохинуулагчид, тэдний чадваргүй байдал байлаа. Тэдний дунд үнэнээс илүү худал ярьдаг, зөвд бус бурууд чиглүүлдэг, хоосон яриа, хов живээр ажлаа явуулдаг, нэгийг ярьж нөгөөг үйлддэг явдал байсаар байгаа нь төрийг хэрхэн хүчгүйдүүлж, олныг хэрхэн талцуулж, тамирдуулж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ.

 

Тэд зөвхөн өөрийн албан тушаал, эрх мэдлээ хэвээр хадгалахын тулд өнөө маргаашийг харсан, бодлогогүй, болчимгүй шийд гаргадаг, асуудлын мөн чанар, агуулгад шинжилгээ хийдэггүй, ингэхдээ хайлж хашгирсан, өргөдөл, өргөх бичиг өгдөг цөөн хэдэн хүний амыг таглаж, асуудлыг шийдсэн болдог. Ийм болчимгүй, амиа хоохойлсон, буруу шийдвэр гаргадаг, чадваргүй төрийн түшээд олшрохын хэрээр нөгөө талд нь ил далд баг, бүлэг, холбоод бүрэлдэн бэхэжсээр байна.

 

Ингэхийн хэрээр нийтэд, олонд чиглэсэн бодлого, зарчим улам бүр байх ёстой хэм хэмжээ, туулах ёстой замаасаа хазайж байна. Бий болсон гажуудлаа засахын оронд үүнийг ашиг хонжоо олох хэрэгсэл болгож, өнгө зүсээ өөрчилсөн өөр өөр гажуудлыг шинээр төрүүлсээр байна.

 

Гажуудлыг нь шинэ гажуудуулагчид л хамгаалж, хаацайлж, харсан ч хараагүй мэт хүлцэнгүй дүр эсгэж, багийн дүрмээ баримталж, багцын нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд улайран зүтгэдэг юм байна. Төрийн алба, түмний төлөөх ажил ийм байдлаар явж хэрхэвч болохгүй. Үүнтэй миний бие огтоос үл эвлэрнэ. Иймд би үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн Зохицуулах Хорооны Даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсоноо албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна