ХАР ЖАГСААЛТАД БАГТСАН ИРГЭН, ААН-Д УУЧЛАЛТ ҮЗҮҮЛЖ, ЖАГСААЛТААС ГАРГАХЫГ ХҮСЛЭЭ

Админ
2020/01/13

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит хурлаа хийлээ. Энэ удаагийн хурлаар дөрвөн асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, зээлийн мэдээллийн сангийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Монголбанкны холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонслоо. Тус мэдээллийн сан дахь хар жагсаалтаас болж олон мянган аж ахуйн нэгж, иргэд санхүү, бизнесийн харилцаанд орж чаддаггүй.

 

Иймд уг жагсаалтад орсон ААН, иргэдэд нэг удаа уучлал үзүүлж, жагсаалтыг хүчингүй болгох, санхүүгийн харилцаанд оролцох эрхийг нь сэргээж өгөх саналыг ШИНЭ намын зүгээс Монголбанкны удирдлагуудад тавьлаа. Хоёрдугаарт, төгрөгийн ханшийн сулралыг хэлэлцлээ. 2016 оны 8-р сард 1800 төгрөг нэг ам.доллартай харьцаж байсан бол өнөөдрийн байдлаар 2737 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байна. Гуравхан жилийн дотор төгрөгийн ханш 1000 төгрөгөөр суларч, халаасандаа 10.000 төгрөгтэй байсан хүн 1000 төгрөгөө, сая төгрөгийн цалинтай байсан хүн 100.000 төгрөгөө алдаж байгаа нь Монголбанк болон Засгийн газрын буруу бодлоготой шууд холбоотой гэж ШИНЭ намын зөвлөл үзлээ.

 

Өнгөрсөн долоо хоногт гаргасан 900 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлийг хаахад зарцуулах шийдвэр ч гэсэн Монгол төгрөгийн ханшийг сулруулах магадлалтай тул сэргийлэх арга хэмжээ авахыг Монголбанкны удирдлагуудад сануулсан хэмээн УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан мэдэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна