Япон улсын Засгийн газар 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Админ
2019/03/12

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын байгаль орчны салбарт нийт 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх хоёр улсын Засгийн газрын хоорондын гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Тус гэрээнд Монголын талаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон улсын талаас Монгол улсад суух бүрэн эрхэт элчин М.Такаока нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр М.Такаока “Япон, Монгол улс стратегийн түншлэлийг бэхжүүлэхээр хамтран ажиллаж, өргөн хүрээн хамтын ажиллагаагаа өрнүүлж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улсын хоорондох стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх тал дээр санал нэгдсэн билээ. Энэ үеэр хоёр улсын Ерөнхий сайд хамтарсан мэдэгдэл гаргаж, байгаль орчны салбарыг  онцлон дурдсан байдаг. Тус айлчлалын үеэр хоёр улсын Байгаль орчны яам  хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурсан.  Энэ удаагийн 1,8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих төслөөр   байгаль орчныг хамгаалахад судалгаа, олон нийтэд чиглэсэн шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна” гэсэн бол Сангийн сайд Ү.Хүрэлбаатар  “Өнгөрсөн хугацаанд Япон улсын Засгийн газар манай улсын шилжилт, эдийн засгийн өсөлт, өнөөгийн эдийн засгийн нөхцөлийг бий болгоход нийтдээ 2.8 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж олгосон. Төслийн бус чиглэлээр 195 сая ам.доллар олгож байсан. Өнөөдөр Япон Улсаас олгож буй  1,8 сая ам.долларын буцалтгүй тусламж нь цэвэр устай холбоотойгоор хийгдэх ажлуудад зарцуулагдана. Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах шийдвэрийг Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд гаргасан. Энэ бүх ажиллагаа Засгийн газрын хүрээнд явагдаж байгаа. Өнгөрсөн бүхий л хугацаанд хамтарч ажиллаж, туслаж ирсэн  Япон улсын Засгийн газарт баярлаж байгаагаа илэрхийлье” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна