Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр байна. Тодруулбал, 2022 онд 3,943 байсан бол 2023 онд 6,482, 2024 онд 8,024 болж нэмэгджээ. Харин 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 102 улсын 9,412 гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад мэдэгдэхүйц өсөлт юм.

Эдгээр гадаадын иргэд нь зөвхөн цалин, орлого олох зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаас гадна цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил эрхэлж байгаа аж.

Нөгөө талаар, Монгол Улсаас гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлагдан явж буй иргэдийн тоо харьцангуй бага байна. 2025 онд нийт 173 иргэн гадаадад зуучлагдсан нь өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өссөн үзүүлэлт боловч 2023 онтой харьцуулахад 5.5 дахин бага байгаа юм. Тухайн 2023 онд нийт 961 монгол иргэн гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар зуучлагдан явж байжээ.

Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэдийн насны бүтцийг авч үзвэл 35–39 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байгаа бол 20 хүртэлх насны иргэд хамгийн бага буюу 144 байна. Харин боловсролын түвшнээр нь ангилбал 3.3 мянган иргэн бакалавр болон түүнээс дээш боловсролтой, 3 мянга нь техникийн болон мэргэжлийн үнэмлэхтэй байгаа нь мэргэжилтэй ажиллах хүч давамгайлж байгааг харуулж байна. Үүнээс гадна 1.5 мянга нь бүрэн дунд, 1.1 мянга нь тусгай мэргэжлийн дунд боловсролтой бол 334 нь магистр, докторын зэрэгтэй, 119 нь суурь болон бага боловсролтой, таван иргэн боловсролгүй байна.

Иргэншлээр нь авч үзвэл хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаад иргэдийн 60.5 хувь нь БНХАУ-ын иргэд байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүний дараа Филиппин улсын иргэд 6.6 хувь, Вьетнамын иргэд 5.7 хувь, ОХУ-ын иргэд 3.5 хувь, БНСУ-ын иргэд 2.9 хувь, АНУ-ын иргэд 2.8 хувийг тус тус эзэлж байна. Мөн Бангладеш (2.4 хувь), Энэтхэг (1.5 хувь), Бүгд Найрамдах Турк Улс (1.2 хувь) болон бусад орны иргэд нийт 12.9 хувийг бүрдүүлжээ.

Сүүлийн жилүүдийн энэхүү үзүүлэлтүүд нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд гадаадын мэргэжилтэй ажиллах хүчний оролцоо нэмэгдэж, харин монгол иргэдийн гадаад улсад хөдөлмөр эрхлэх урсгал харьцангуй буурч байгааг харуулж байна.