АН: Түр хороо С.Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлэхэд улстөржихгүй байхыг сануулж байна 

Админ
2019/04/30

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Их Хурлаар С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо байгуулсан. Тэгвэл УИХ дахь АН-ын Зөвлөлийн хуралдаанаар энэ хэрэгт хамаарах санал дүгнэлтийг түр хороонд хүргүүлэх нь зүйтэй хэмээн хэлэлцсэн учир Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт албан тоот хүргүүллээ. Тус санал хүргүүлэх тухай бичигтээ Ардчилсан нам С.Зоригийг хөнөөсөн гэмт этгээдүүд болон захиалагч заавал илрэх ёстой гэсэн зарчмын хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Ардчилсан намаас ирүүлсэн санал, дүгнэлтэд: 

 


1.    Ардчилсан нам С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудалтай эвлэрэхгүй бөгөөд уг эрүүдэн шүүсэн асуудлыг зохион байгуулсан, гардан гүйцэтгэсэн буруутай этгээдүүдийг хуулийн дагуу тогтоож, хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна. 

 

2.    Түр хороо нь уг хэргийн мөн чанарыг алдагдуулж, үнэн зөвийг нь бүдгэрүүлэх, нийгэмд бодит бус төөрөгдөл бий болгож, хэргийн захиалагчийг илрүүлэн тогтооход улс төрийн аргаар саад бэрхшээл үүсгэж болохгүйг сануулж байна. 

 

3.    Түр хороо нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, хууль, шүүхийн байгууллагын бие даасан үйл ажиллагаанд улс төрийн зорилгоор нөлөөлөх бус, түр хорооны эрх үүргийн хүрээнд “санал, зөвлөмж” гарган ажиллахыг санал болгож байна хэмээсэн байна. 

                                       
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна