С.Эрдэнэ: МАНАН, шударга бусын хонгилыг санаачилсан хүн нь Н.Алтанхуяг өөрөө

Админ
2019/05/02

АН-ын Сонгинохайрхан дүүргийн салбар хорооноос шийдвэр гаргаж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АН-ын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хассан билээ. Түүнийг намын дүрмийн хэд хэдэн заалт зөрчсөн шалтгаанаар намаас хассан юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийсэн. Тэрбээр “Намайг намын байр зарсан, намын хөрөнгөөр машин авсан хэмээн гүтгэлэг байна.  Ардчилсан нам улс орны хөгжил, бодлого, ард түмний амьдрал ахуй ярихаа больсон. Энэ тухай ярихаараа 60 тэрбум, 49 хувийг хамгаалдаг болсон. Эрүүдэн шүүлтийг байх ёстой зүйл гэж хэлдэг болсон. Тэд АН-ын нэр хүнд, олон мянган гишүүний итгэл сэтгэлээр тоглож байна” гээд Ц.Элбэгдорж, М.Энхболд нар хандаж хэлэхэд “Төрөө тонож, улсаа зардаг хулгайч нар аа. Та нарт АН дэндүү томдоно шүү. АН чинь Монголын нийгмийг сэрээсэн нам. Одоо шударга ёсыг тогтоох түүчээг эхлүүлэх ёстой нам. Та хоёр энэ нам руу хуруу, хумсаа бүү дүр.

 

 С.Эрдэнэ ээ, би чамайг дэндүү сайн мэднэ дээ. С.Эрдэнийг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалаад юу хийлгээд байгааг нь ард түмэн ч мэддэг болж. С.Эрдэнэ ээ, чи гэмт бүлэглэлийн гар хөл болж, тэдний дохио зангаагаар ажилладгаа болио. Хүн гүтгэдгээ болио. Чам шиг хүнд АН-ын дарга байх эрх алга, чамайг зайлуулна аа” хэмээн мэдэгдсэн.

 

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Зөрчил гаргаад намаасаа хөөгдсөн этгээд намын удирдлагуудаа явах ёстой, зайлах гэж хэлээд асуудал шийдэгдэхгүй. АН өөрийн гэсэн дүрэмтэй, журамтай. Намын дунд шатны байгууллагын шийдвэрээр Н.Алтанхуягийг удаа дараа зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр 4 жилийн хугацаатай намын гишүүнчлэлээс хассан. Энэ шийдвэрийг би гаргаагүй. Үндсэн дүрмийн хүрээнд дунд шатны байгууллага гаргасан. Гомдолтой байвал давж заалдах эрхтэй. Гэхдээ улс төрийн намын дотоод асуудлын талаарх гомдолыг аль ч шүүх хүлээж авдаггүй. Тиймээс энэ шийдвэр гэж ойлгож байгаа.

 

Н.Алтанхуягийн яриад байгаа зүйлийг шаардлагатай гэвэл баримтаар гаргаж тавина. Түүн шиг худлаа, үнэн юм яриад байх сонирхол алга. Байнга л шохой самбар хоёр барьчихаад юм яриад явдаг хүн шүү дээ. Ер нь МАНАН-г үүсгэж санаачилсан хүн нь н.Алтанхуяг өөрөө шүү дээ. Шударга бусын хонгилыг ч тэр байгуулсан. Тэр хонгилоор би ч гэсэн чирэгдээд ороод гарч л байлаа. Хэлмэгдээд явж л байсан, нөхдийнхөө хамт. Яриад байвал их түүх бий. Нотлох баримтаар бүх зүйл нь гараад ирнэ. Энэ асуудлаар тун удахгүй манай хуулийн газар  хуулийн хяналтын байгууллагад хандана гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна