Зарим нутгаар ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй байна

Админ
2024/04/23

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна. Архангай, Дундговь, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Орхон, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй байгаа аж.

Дорнодын нийт, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уулын ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд зэрэг байна.

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Увсын Ховд, Ховдын Дарви, Говь-Алтайн Шарга, Бугат, Тонхил, Баянхонгорын Богд, Баацагаан, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сант, Дундговийн Гурвансайхан, Мандалговь, Эрдэнэдалай, Өмнөговийн Цогт-Овоо, Булган, Цогтцэций, Даланзадгад, Манлай, Мандал-Овоо, Гурвантэс, Ханбогд, Дорноговийн Сайншандад 28-34 м/с, Ховдын Зэрэг, Баянхонгорын Жинстэд 36-38 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан.

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.4 градусаар дулаан, Дундговийн Гурвансайханд 1.1-4.5 градусаар хүйтэн, хур тунадас баруун болон төвийн нутгийн зарим хэсгээр олон жилийн дунджаас ахиу, тал хээр говийн нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Завханы Цэцэн-Уул, Тэлмэнд 3-9 см зузаан цастай байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна