Шинэ нэгдсэн эвсэл СЕХ-нд хүсэлтээ хүргэлээ

Админ
2024/04/28

ШИНЭ нам МУНН-ын ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулж өглөө. Тус эвслийн хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран болон албаны бусад хүмүүс хүлээн авсан. Энэ үеэр П.Дэлгэрнаран дарга “Сонгууль болоход хоёр сар хүрэх үү, үгүй юу хугацаа үлдлээ. Бид хуулийн дагуу шударга, хүнд сурталгүй ажиллана гэдгээ юуны өмнө дуулгая. Та бүхний сонгуулийн ажилд амжилт хүсэж байна” гэлээ. Мөн үеэр сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн ШИНЭ НЭГДСЭН ЭВСЛИЙН тэргүүн Ц.Гантулга, ШИНЭ намын дэд дарга Ж.Цолмон, МУНН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Л.Хатанбаатар нарын сэтгэгдлийг сонслоо.

ШИНЭ НАМЫН ДАРГА Ц.ГАНТУЛГА:

- Шинэ Нам, МУНН-ын Шинэ нэгдсэн эвсэл 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ. Манай эвсэл есөн зүйл, 81 заалттай, гурван том хэсгээс бүрдсэн Мөрийн хөтөлбөр боловсруулсан. Энэхүү Мөрийн хөтөлбөрийг ШИНЭ намын дэргэдэх 60 гаруй эрдэмтдээс бүрдсэн баг Монгол Улсын батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, эрх зүй гэсэн таван гол салбарын чиг хандлагад тулгуурлан боловсруулсан юм. Тиймээс ард иргэдээ шинэ сонголт хийж, шинэ хөгжлийн, шинэ мөнгөний бодлогыг дэмжих, цаашлаад шинэ Үндсэн хуультай, шинэ төртэй болох сонголт хийнэ гэдэгт найдаж байна. Та бүхэн ШИНЭ НЭГДСЭН ЭВСЛЭЭ дэмжиж, Монгол Улсдаа шинэчлэлт өөрчлөлт авчрахыг уриалж байгаагаа илэрхийлье.

- МУНН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Л.ХАТАНБААТАР:

МУНН болон ШИНЭ намын хамтарсан ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ уламжлал, шинэчлэлийн хүрээнд ШИНЭ СОНГОЛТ гэсэн агуулгаар Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд шинэ сонголт бий болгоно гэж найдаж, энэхүү хамтын ажиллагааг эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлаж байна. Энэхүү хамтын үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсад маань эрхзүйт төртэй, шударга нийгэм байгуулагдана гэж харж байна.

ШИНЭ НАМЫН ДЭД ДАРГА Ж.ЦОЛМОН:

- ШИНЭ намын Ерөнхий зөвлөл, МУНН-ын Улс төрийн ерөнхий зөвлөлөөс ШИНЭ намтай болох тус тусын шийдвэр гарч, улмаар 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн ШИНЭ намын Төв зөвлөлийн хурлаар МУНН-тай хамтран, УИХ-ын сонгуульд оролцох шийдвэр гарган, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Ингээд өнөөдөр тус эвсэл нь Сонгуулийн ерөнхий хороонд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор гардуулж өглөө. Ард иргэдийг манай эвслийн бодлого, Мөрийн хөтөлбөрийг дэмжин, шинэ сонголт хийнэ гэж найдаж байна, аль болох шинжлэх ухаанчаар хандаж, шинэ эрх зүйт төрөө өөрсдөө байгуулах боломжоо бүрдүүлнэ гэдэгт ШИНЭ НЭГДСЭН ЭВСЛИЙН бүх гишүүд итгэлтэй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна