Х.Тэмүүжин: Төрийн ордонд их хэмжээний архидалд болж, нэр бүхий УИХ-ын гишүүд агсам тавьсан нь тогтоогдсон

Админ
2019/05/28

Ардчилсан намаас Г.Батхүү агсны амь насаа алдсан асуудлаар Олон улсын парламентын холбоонд хандлаа. Талийгаачийн гэр бүл болон намын нөхөд нь тухайн хэрэг, үйл явдлыг мөрдөн шалгах ажиллагаанд гадны хяналт тавьж, үнэн мөнийг олох үүднээс олон улсын байгууллагад хандсан байна. Энэ талаар АН-ын гишүүн Х.Тэмүүжингээс тодрууллаа.

 

-Ямар учир шалтгаанаар ОУПХ-нд хандаж байгаа вэ?

 

- Үйл явдалтай холбоотой гурван асуудал учир шалтгаан нь бүрхэг байна. 1-рт, Тусгай хамгаалттай, ямар нэгэн камерын бичлэг, хяналь байдаггүй газарт цагдаагийн байгууллага шалгалт явуулахад нэлээд олон хуулийн заалттай тулгарч байна. Ийм хаалттай нөхцөлд гадны хяналт байх нь асуудлыг илүү ил тод байх болгох боловуу гэж найдаж байна.


2-рт, энэ цагт үед УИХ-д 64 суудал бүхий намын нэр бүхий гишүүд Төрийн ордонд архидаж байсан. Цагдаагийн шалгалт ирэхээс өмнө тэдгээр архидаж байсан гишүүд өрөөгөө учиргүй их цэвэрлэсэн талаарх хэл ам их явагдаж байна. Энэ нь хэрэг мөрдөн шалгах явцад саад тээг болох вий, ямар нэгэн улстөржилт явах вий. Учир нь хуулийн байгууллагаар өөрсдийнхөө шүд араа бүрэн зэвсэглэсэн улстөрийн хүчний хамаарал бүхий хүмүүс гэмт хэрэгт хардагдах сэрдэгдэж магадгүй байгаа. Тиймээс олон улсын байгууллагад хандаж байна.


3-рт, Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр ямар нэгэн зүрх хаагдах, цус харвалтын үйл явц байхгүй. Өндрөөс унасан байж болзошгүй гэмтлийн улмаас нас барсан байна гэж гарсан. Унах болсон шалтгаан нь маш учир битүүлэг байгаа. Өөр бусад хүмүүсийн яриагаар тодорхой хэмжээний маргаан болсон байж магадгүй гэх таамаг маш хүчтэй явагдаж байна. Цагдаагийн байгууллага улс төрийн нөлөөнөөс ангид байгаа эсэх нь эргэлзээтэй. Тиймээс дотоод мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн хөндлөнгийн хяналт байж гэмээн асуудлыг үнэнийг тодруулна гэж найдаж байгаа юм.

 


- Зарим нэг УИХ-ын гишүүд холбоотой гэх мэдээлэл гараад байна. Ганц улстөрчийн асуудал биш бүхэл бүтэн намын асуудал болж магадгүй гэх болгоомжлол байна?


- Сонгууль ойртож байгаа учраас аль аль талаасаа улстөржүүлэх гэж оролдох байх. Гэхдээ энэ хэрэг нэр бүхий улстөрчид рүү очиж байгаа учраас болгоомжлол байна. Энд хэн нэгнийг буруутгахыг хүсэхгүй байна. АН-ын хувьд гэсэн асуудал бүрэн дүүрэн илрээгүй цагт тэр буруутай гэж түрүүлж хашгирахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ үйл явдал, нотлох баримтууд асуудлыг аюултай буюу эгзэгтэй нөхцөл байдал руу түлхээд байгаа уяраас бид болгоомжилж байна.

 


- ОУПХ энэ хэрэг дээр ямар байр суурь илэрхийлж байна вэ?


Хүний эрхийн асуудал парламентын холбооны хамгийн чухал асуудал байдаг. Өмнө нь парламентад байсан хүн Парламентын ордонд амиа алдана гэдэг бол яах аргагүй анхаарал татах асуудал. Тиймээс бид анхаарал тавина гэсэн.

 


- Ар гэрийнхэн нь хэргийн талаар ямар санал бодолтой байгаа вэ?


Хүнээ алдсан хүмүүс хэцүү л байгаа шүү дээ. Янз янзын таамгууд их л сонсогдож байна. Тэд үнэнийг л олохыг хүсч байгаа. Ямар нэгэн өвчин зовлонгоос энэ учрал болоогүй. Энэ нь цааш хардалт дагуулж байна. Энэ хардалтын үнэнийг олохын тулд засаглал барьж байгаа хүмүүс, түүний дор ажиллаж байгаа хууль хүчний байгууллагууд асуудлыг бодитойгоор шийдэх эсэх дээр эргэлзээ үүсч байгаа.


Өчигдөрхөн болсон ҮХЦ-ийн маргаан дээрээс харсан л байх. Энд бас УИХ-ын гишүүний асуудал байсан шүү дээ. Энэ асуудал дээр Шүүх шинжилгээний байгууллага хэрхэн яаж ажилласныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Тиймээс улстөрийн нөлөө ордог хууль хүчнийхэн байгаа цагт асуудлыг хурдтай мухарлана гэдэгт эргэлзэж байгаа юм. Тиймээс хөндлөнгийн буюу Олон улсын байгууллагын хяналт орж ирвэл арай гайгүй голчтой гарах боловуу гэж найдаж байгаа юм.

 


-Ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд энэ хэрэгт нийт хэдэн хүнийг шалгаж байгаа  болон шинээр гарч байгаа мэдээллийн талаар тодруулга өгөх боломж байна уу?


- Гол мэдээллийг нь хуваалцлаа. Шүүх шинжилгээний эхний дүгнэлтээр зүрх болон цус харвалтын асуудал алга, гэмтлийн улмаас нас барсан байна гэж гарсан. Гэмтэл нь өндрөөс унасан уу эсвэл цохиулсан уу гэдгийг нарийн шалгахаас өргө аргагүй байна. Харамсалтай нь тухайн өдөр Төрийн ордонд их хэмжээний архидалд болсон байна. Нэр бүхий УИХ-ын гишүүд болон хамгийн сүүлд уулзсан гэх хүмүүс маш өндөр хэмжээний сонголттой, агсам согтуу тавьсан байдалтай байсан байна гэдэг нь тодорхой болчихсон.

 


- Тэдгээр гишүүдийг нэрлэх боломж байна уу. Хэн, хэн нь өөрсдийн өрөөгөө цэвэрлэсэн байдаг юм бол?


- Үүнийг шалгалт хийж байгаа цагдаагийн байгууллагаас асуусан нь зохимжтой байх. Сөрөг хүчний зүгээс хардалтыг улстбөржүүлж байгаа юм шиг сонсогдож магадгүй.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна