“Сlub 126” төслийн хүрээнд ШИНЭ тэргүүтэй улс төрийн намууд шударга, эх оронч нэр дэвшигчдийг дэмжинэ

Админ
2024/03/18

“Иргэдийн шударга шүүх” Төрийн бус байгууллагаас “Шударга, эх оронч УИХ-ын 126 гишүүнийг бид дэмжинэ” уриа бүхий “Club 126” төсөл санаачлан, нээлтээ  зохион байгуулав. Уг нээлтийн үйл ажиллагаанд төсөл санаачлагч, хуульч Х.Бат-Ялалт, ШИНЭ намын дарга, доктор Ц.Гантулга, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, ШИНЭ намын дэд дарга, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цолмон, ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Б.Гантулга, Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа нар болон бусад намын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлэгт байр сууриа илэрхийлсэн намын төлөөллүүд сонгууль шударга бус болдог. Үүнээс болж, иргэдийн амьдрал ядуурсан. Улс орны хөгжил унасан. Нам үл харгалзан шударга сонгууль явуулах, айсуй сонгуулиар шударга, эх оронч хүмүүсийг дэмжихээр санал нэгдсэнээ дуулгасан. Ингээд зарим хүмүүсийн байр сууриас хүргэе.


ТӨСӨЛ САНААЧЛАГЧ, ХУУЛЬЧ Х.БАТ-ЯЛАЛТ: Эрх баригчид өөрсдийнхөө талд Сонгуулийн хуулийг баталсан, үүнтэй тулна

Энэхүү төслийг яагаад санаачлан, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа вэ гэхээр сонгууль шударга бус явагдах нь тодорхой болсон. Цаг хугацаа, орон зайны хувьд тэнцвэргүй нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр 15 тэрбум төгрөг төсөвлөж, сонгуульд орохоор зэхэж байгаа хүмүүстэй мөнгөгүй эх орончид тулах гэж байна. Эрх баригчид өөрсдийнхөө талд Сонгуулийн хуулийг баталсан, үүнтэй тулна. Өнөөдөр баруун дөрвөн аймгийн 78 суманд сурталчилгааны арван хэдэн хоногт өөрийгөө таниул гэж байна. Бид одоо л нам харгалзахгүй амжиж тэмцэх шаардлагатай. Үүнийг зөвхөн хэлэлцээд зогсохгүй, сонгогчдын боловсролд анхаарах, шударга, эх оронч нэр дэвшигчийг бүхий л талаар дэмжих сан байгуулах зэргээр ажиллана.


ШИНЭ НАМЫН ДАРГА, ДОКТОР Ц.ГАНТУЛГА: Бид Монгол Улсаа аврах нэгдмэл хүсэл зорилготой байна 


Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд цугларч, тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Уг төслийг санаачлагч хуульч Х.Бат-Ялалтад баярлалаа. ШИНЭ намын зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллана. “Иргэдийн шударга шүүх” ТББ-тай урьд өмнө ч үзэл санаа нэгдэн, Үндсэн хуулийн төсөл дээр ажиллаж байсан. Өнөөдөр энэ төслийг хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон хэрэг боллоо. Энэхүү хэлэлцүүлэг нь зөвхөн ганц хоёр удаа болоод зогсох биш, Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлаар улсынхаа бүхий л аймаг сумдад очиж хэлэлцмээр байгаа юм. Монгол Улс цаашид орших уу, эс орших уу гэдэг эгзэгтэй үедээ байна. Энд хүрэлцэн ирсэн улс төрийн намын болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл үзэл санаа нэг, бид Монгол Улсаа аврах нэгдмэл хүсэл зорилготой энд цугларчээ гэдгийг харлаа. 


ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН НАМЫН ДАРГА О.ЗАЯА: Эгэл жирийн сэхээтэн, эх орончид нэр дэвших аргагүй болсон

Би хорин хэдэн настай улс төрийн нам байгуулан, энэ улс орон, ард иргэдийн сайн сайхны төлөө явсан. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр өргөн хэрэглээний бараагүй байхад ганзагын наймаа хийж монголчуудаа өлсгөлөнгөөс аварч байсан хүмүүсийн нэг. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь сайн хэрэг. Сонгуулийн зардал сонгуулиас сонгуулийн хооронд өссөн. Эгэл жирийн сэхээтэн, эх орнооо гэсэн сэтгэлтэй хүмүүс нэр дэвших аргагүй болсон. Миний хувьд улс төрөөс залхасан гэхэд болно, УИХ-д нэр дэвшиж өрсөлдөхгүй. Надад тийм их мөнгөний өөдөөс өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Гэхдээ шударга, эх оронч хүмүүсийг дэмжиж оролцоно. 


МУНН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.ӨНӨРБАЯР: Бид нэгдмэл санаатай, нэгэн зорилготой явж чадвал амжилтад хүрнэ

Энэ хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж, оролцож байгаа хүмүүст баярлалаа. Эх орончдоор бүрдсэн улс төрийн намууд асар их мөнгө, том эрх мэдлийн төлөө өрсөлдөнө. Төрийн эрх ээлжлэн барьсан МАН, АН хоёр нам хэдэн зуун тэрбумаар тоологдох мөнгөн дүн ярьж байна. Үүнээс гадна өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хууль баталсан гээд яриад байвал боломжгүй зүйл олон бий. Тиймээс бид бултаараа нэгдмэл санаатай, нэгэн зорилготой явж чадвал амжилтад хүрнэ. Манай сонгогчид ч нэгэн зүгт харж, бодлоготой сонголт хийх амаргүй цаг үе ирж байна. Миний олж сонссоноор нэг нэр дэвшигчийн сонгуулийн зардал дундажаар 1.2 тэрбум төгрөг хүрсэн. Бид хаанаас ийм их мөнгө гаргаж сонгуульд зарцуулах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна