З.ЭНХБОЛД АН-Д АВРАЛ БОЛОХ УУ ЭСВЭЛ...

Админ
2019/07/04

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд албан тушаалаасаа татгалзаж, улс төрд эргэн ирэлт хийх гэж байгаа талаарх мэдээлэл чих дэлслээ. Тэрбээр өчигдөр буюу 2019 оны долдугаар сарын 03-ны өдөр өргөдлөө өгсөн бөгөөд наадмын дараа албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөх гэнэ.  Харин түүний оронд Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир ажиллах эсэх нь тодорхойгүй байна. Түүнийг чухам яагаад ийм сонголт хийх болсон талаар олон нийт шүүсээр. 

 


2016 оны АН-ын “аймшигт” ялагдалын дараа түүнийг хариуцлага хүлээх ёстой гэх гишүүдийн шүүмжлэл тус намд бага ч гэсэн шинэчлэл авчирсан. Намынхаа даргыг нийт гишүүдээрээ сонгоно гэдэг урьд өмнө нь манайд ажиглагдаагүй үзэгдэл. Гэвч АН-ын гишүүд өнөөдөр сонголт нь зөв байсан эсэх дээр эргэлзэж, зарим нэг нь өрх тусгаарлаж нам байгуулсан бол нөгөө хэсэг нь С.Эрдэнийг огцрохыг шаардаж, намаасаа гарч шинэчлэл хийсэн цагт эргэж ирнэ хэмээн мэдэгдсээр байна. Үнэндээ намынхныхаа итгэлийг хүлээгээгүй хүн нийт иргэдийнхийг авах уу гэдэг өөрөө маш эргэлзээтэй. Тиймдээ ч өнөөгийн АН-ын удирдлагууд хэн нэгэнтэйгээ “салах ёс” гүйцэтгэх хэрэг гарсан. Тэгж гэмээнэ талын нэг тарсан гишүүдээ цуглуулж, талцсан үзэл бодлыг нь нэгтгэнэ. Харин явах хүн нь С.Эрдэнэ байх уу гэх таамаг хөвөрч байтал Ц.Туваанаар туг тахив. З.Энхболд ЕТГ-ын дарга хэмээх зөөлөн суудлаас АН-ын генсек рүү бууж байна.       

 


Улс төрийн энэ шийдэл АН-ын хувьд аврал болох уу эсвэл “алуур” болох уу гэдгийг хэлэхэд эрт. С.Эрдэнэ хэзээнээсээ Х.Баттулгад өштэй. Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийнх нь эсрэг ажиллаж, өс хонзонг дэвэргэсэн. Өнгөрсөн хугацаанд АН болоод АН-ын зөвлөл Ерөнхийлөгчтэй сөргөлдсөөр ирсэн нь үүний бас нэг баталгаа. Харин Х.Баттулгын баруун гар З.Энхболд С.Эрдэнэтэй “хамтрахаар” сэтгэл шулуудсаны цаана ямар нүүдэл нуугдав!

 


Х.Баттулгад С.Эрдэнийг дарах нууцхан хүсэл бий. Тэгэхээр магад З.Энхболд АН-аас С.Эрдэнийг зайлуулах “акц”-д хүч нэмж мэднэ. Жилийн дараа болох сонгуульд амжилттай оролцъё гэж байгаа бол С.Эрдэнээс АН-ыг салгах гэдгийг бас гишүүд нь дуу нэгтэй хэлдэг. Намынхаа бодлого чиглэлийг нэг гарт төвлөрүүлэх үүрэгтэй генсекийн хувьд энэ ажлыг хүссэн хүсээгүй хийнэ. Хэрэвзээ татгалзвал түүний улстөрийн карьерт ч эрсдэлтэй. Хоёрын хоёр удаа удирдсан нам нь сонгуульд ялагдал хүлээвэл түүнд улстөрд гишгэх газар үлдэнэ гэж үү.

 


Нөгөө талаар З.Энхболдын их үйлд туслах туслагч бий. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Н.Алтанхуяг С.Эрдэнэтэй нэгэнтээ дайн зарлачихсан. АТГ-т хүртэл шалгуулахаар өгчихсөн. Маш ойрын харилцаатай хүмүүсийн хувьд З.Энхболд, Н.Алтанхуягтай гар нийлбэл С.Эрдэнийг өлхөн “батирчихна”. Тэгэхээр З.Энхболдын хувьд хүсвэл давчих л даваа.

 

 

Юутай ч С.Эрдэнэтэй хэдий болтол дөрөө харшуулах вэ, ямархан гэнэтийн бэлэг барих вэ гэдэг ирэх өдрүүдийн сэдэв болох нь. Алдаж болно, алдаан дээрээ суралцах нь хамгийн чухал гэдгийг хэлүүлэлтгүй мэддэг түүний хувьд АН-ыг хаашаа чиглүүлэхийг  харж л суухаас... 

 

Б.Ариун
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна