​ Н.Номтойбаяр буруутай бол С.Чинзориг ч бас буруутай... 

Б.Ариунзаяа
2021/01/21

"Шударга бусын хонгил" гэдэг үг улстөрийнхөнд гэхээсээ шүүх, хууль тогтоох байгууллагынханд илүү хамаатай. Тэд үнэний төлөө тангараг өргөсөн ч үнэн хэрэгтээ үйлчилдэг нэгнийхээ эрх ашгийг хамгаалдагийн хэдэн мянган жишээ энэ үгний цаана бий. Хэн мөнгөө төлнө, тэр дуугаа захиалдаг анархизмыг хууль, шүүхийн байгууллага л өөгшүүлж, хүн нь байгаа цагт хэрэг нь олддог гэх бузар хэллэгийг нийгэмд хоногшуулж байгаа нь нууц биш.

Хүний эрх, улсын хөгжлийг хойш татсан энэ үзэгдэл хэзээ арилах вэ...

Нийслэлийн прокурорын газргын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ "Манай улсад улстөрийн хоригдол байхгүй" хэмээн хээв нэг мэдэгдсэн. Үнэн хэрэгтээ ийм хоригдол нэгээр тогтохгүй байгааг тун саяхан ОУПХ зарлачихсан. Тэдний нэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр. 

Түүнийг ялласан хэргийн нэг гогцоо нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд бий. Энэ санг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл удирддаг. 2017 онд Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28-р зүйлийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар томилогдсон. Улмаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан төсвийн дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний агентлаг болон аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл шат дараалсан сонгон шалгаруулалт явуулж санхүүгийн дэмжлэгийг хувийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, иргэдийн нийт 29 төсөлд 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр үзүүлсэн. 

Гэтэл үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2019 оны 11-р сарын 22-ны өдөр ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг, Нийслэлийн прокурорын газраас “29 аж ахуйн нэгж, иргэдэд давуу байдал бий болгож 3,9 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан” хэмээн Н.Номтойбаярыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг. 

Хамгийн хачирхалтай нь энэ хэргийн прокурор, шүүхэд шилжих явц сонгуульд бие даан нэр дэвшигчдийг зарласны маргаашнаас хойш буюу сонгуулийн үйл явцтай зэрэгцээд гайхмаар хурдан ердөө 4-хөн хоногийн дотор өрнөсөн нь хэн нэгний захиалга байв уу гэж хардахад хүргэдэг.
Учир нь 2020 оны 3 дугаар сард Н.Номтойбаярт холбогдуулан нээсэн хэргийг Нийслэлийн прокурор Н.Мөнх-Од хянаж үзээд “гэмт хэрэг гэж үзэхэд хангалтгүй байна” хэмээн ЦЕГ, АТГ-ын ажлын хэсэгт буцаасан.

Гэтэл 04-дүгээр сарын 28-ны өдөр СЕХ-оос 2020 оны УИХ-ын сонгуульд Бие даан нэр дэвшигчдийн нэрсийг зарласны маргааш буюу 4 дүгээр сарын 29-нд хэрэгт хяналт тавьж байсан прокурор Мөнх-Од гэнэт солигдож н.Пүрэвдавга гэгч прокурор шинээр томилогдон, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, яллагдагчаар татсан тогтоолоо өөрчилсөн талаараа Н.Номтойбаярт утсаар мэдэгдсэн байдаг. Гэтэл 30-нд нь Н.Номтойбаяраас мэдүүлэг, тайлбар авалгүйгээр “Яллах дүгнэлт” үйлдэж, 5 дугаар сарын 1-нд “Яллах дүгнэлт”-ийг Нийслэлийн прокуророос Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Уг нь ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаад 29 аж ахуйн нэгж, иргэдэд хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан хамааралгүй, 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулаагүй болохыг тогтоочихсон.
Хамгийн сонирхолтой нь энэ мөнгө Н.Номтойбаяраас хойшхи Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга С.Чинзоригийн үед ч адилхан хууль, журмын зүйл заалтаар 2018, 2019, 2020 онуудад шийдвэр гарган амжилттай хэрэгжүүлж ирсэн. 

С.Чинзоригийн гаргасан яг адилхан шийдвэрийг АТГ-ын мөрдөгч Доржсүрэн 2020 оны 04-р сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэл хянаж үзээд гэмт хэрэгт тооцоогүй. Дээрх шийдвэрээр бол С.Чинзориг буруугүй бол Н.Номтойбаяр буруугүй баймаар. Гэтэл Номтойбаярын шийдвэр буруутай, С.Чинзоригийн буруугүй байж болох уу.   


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.143.44
    2021/01/25

    ... аймгийн ХХҮГ-ын дарга, ХХҮЕГ -аас зарлагдаж дуусаад шалгаруулаад 14 хоноцон тендэрт хуурамч гарын үсэг он сар тавиад Номтын нэрийг бариад хувийн ашиг сонирхол шуналаа хууль бусаар бүтээж л байсан. Номтын итгэж ... аймагт ХХҮГ ын даргаар томилсон хүн авлига ашиг сонирхол хууль бус үйлдлүүд олон удаа хийсэн!! Тэр бүхэнд түүний нэрийг барина цаад хүмүүс ч Номтоос асууж зүрхэлдэггүй л байсан. 2016 онд томилсон тэр хүн нь одоо ажиллаж байгаа ч АТГ, цагдаа ... шалгагдаж эхэлсэн!!! тэр мэт гай болох вий.!!!

    Хариулах
  • 150.129.143.44
    2021/01/25

    ... аймгийн ХХҮГ-ын дарга, ХХҮЕГ -аас зарлагдаж дуусаад шалгаруулаад 14 хоноцон тендэрт хуурамч гарын үсэг он сар тавиад Номтын нэрийг бариад хувийн ашиг сонирхол шуналаа хууль бусаар бүтээж л байсан. Номтын итгэж ... аймагт ХХҮГ ын даргаар томилсон хүн авлига ашиг сонирхол хууль бус үйлдлүүд олон удаа хийсэн!! Тэр бүхэнд түүний нэрийг барина цаад хүмүүс ч Номтоос асууж зүрхэлдэггүй л байсан. 2016 онд томилсон тэр хүн нь одоо ажиллаж байгаа ч АТГ, цагдаа ... шалгагдаж эхэлсэн!!! тэр мэт гай болох вий.!!!

    Хариулах