“Засгийн газар Английн хөлбөмбөгийн Fulham багт 6.5 тэрбумын өрөнд орсон нь Ч.Номингийн буруу” гэсэн акц өрнөөд хагас сар өнгөрчихлөө. ЗГХЭГ-ын даргын суудал ганхах үеэр Б.Энхбаяр энэ өнцгийг сэвсэн юм. Бүр тодруулж хэлбэл Г.Занданшатар, Б.Батцэцэг, Б.Энхбаяр нар Ч.Номинг Fulham-ийн 6 тэрбумаар харлуулах акциа тэр үеэс эхлүүлж, өөрсдийнхөө санхүүжүүлдэг нэр бүхий сайт, пэйж, сэтгүүлч, сошиалчдаараа өдөр шөнөгүй сэвүүлж байна.

Уг нь Fulham, CNN, BBC гэх мэт дэлхийн хүчирхэг сувгуудаар Монголоо сурталчилсан“Go Mongolia” Л.Оюун-Эрдэнийн засгийн хамгийн сайн хэрэгжсэн төсөл. Ганц тоо хэлье. 200-хан мянга байсан жуулчин 800 мянгад хүрч цойлсныг хэн ч, яаж ч хараар будаад бүдгэрэхгүй. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо удахгүй сая дахь жуулчнаа хүлээж авна гэж мэдэгдэнэ лээ. Таксичнаас эхлээд жирийн иргэдийн халаасанд нэг жуулчин дор хаяж 2000 ам.доллар үлдээгээд буцдаг гээд бодохоор эгэл борчуудад хамаг өгөөж нь очсон төсөл. "Go Mongolia"-гийн гэгээтэй талыг дурдвал өчнөөн юм бий ч ингэсгээд орхиё. Харамсалтай нь ийм төслийг унагах сонирхолтой Б.Батцэцэг, Б.Энхбаяр, Г.Занданшатар гэх мэт цөөхөөн улстөрч бий.

Тэдний сэвүүлээд буй Fulham-д төлсөн 6 тэрбумд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин ямар ч хамаагүй, харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ бүхний гол буруутан гэдгийг хэдэн баримтаар нотлоотохъё. 

Одоо яригдаад буй Fulham-ийн 6.5 тэрбум бол 2025-2026 онд дамнан хэрэгжих хугацаатай байсан гэрээний төлбөр. Энэ гэрээ үзэглэгдээд сар ч хүрээгүй байхад Ч.Номин Соёл, аялал жуулчлал, спорт, залуучуудын сайдын ажлаа өгч байв. Тэгэхээр дараагийн буюу Г.Занданшатарын засаг “Fulham”-ээр гэрээнд заагдсан ажлыг нь хийлгэлгүй гүлдийж, төлбөрөө төлөлгүй луу унжсан учраас 6.5 тэрбумын асуудал үүсчихсэн гэсэн үг. 

Ч.Номингийн ажлыг авсан Ч.Ундрам Fulham-тэй байгуулсан гэрээг тэр чигт нь хаячихаж. Гэвч удсан ч үгүй 2025 онд Монголыг гадаадад сурталчлах ажлын чиг үүрэг Гадаад харилцааны яаманд шилжжээ. Fulham-ийн гэрээ хэрэгжиж эхлэхээсээ өмнө мөнгөтэй юутай хээтэйгээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн гарт очсон гэсэн үг. 2025 оны улсын төсөвт гадаад сурталчилгааны ажил гэж 9 тэрбум төгрөгийг Гадаад харилцааны яаман дээр тавьсан байсан юм. Энэ мөнгөөр Б.Батцэцэг сайд Ч.Номингийн эхлүүлсэн гэрээний хэрэгжилтийг хангаж, ажлыг нь шахаж хийлгэж болох байж.Хэрэгжүүлэхгүй гэж бодсон бол дахин хэлцэл хийж гэрээний хугацаа тоологдож эхлэхээс өмнө хамтын ажиллагааг зогсоох сонголт ч Б.Батцэцэгт байсан байх юм. 

Харамсалтай нь Гадаад харилцааны сайд ямар ч үйлдэл хийгээгүй. Шуудхан хэлэхэд, гоё дээлтэй сайд эмэгтэй “Ч.Номингийн байгуулсан гэрээ ийм балаг дагууллаа” гэсэн нарратив үүсгэх зорилгоор албаар “ор тас мартсан” дүр эсгэсэн байдаг юм. Түүний энэ увайгүй улстөржилтийг “Fulham-ийн гэрээн дээр ямар ч тайлан байхгүй” гэж ярилцлага өгснөөс нь харчихаж болно.Fulham-ийн гэрээ байгуулагдаад сар ч хүрэхгүй хугацааны дараа огцорсон Ч.Номинд тайлан гаргах нь бүү хэл, гэрээнд заасан ажлуудыг хянах боломж, цаг хугацаа ч байгаагүй. Энэ бол ямар ч тэнэг хүн ойлгочих логик. 

"Go Mongolia"-гийн хүрээнд Fulham-тай хамтрах шийдвэр гаргасан Үндэсний хорооны дэд даргын хувьд Б.Батцэцэг сайд энэ бүхнийг мэдэхийн цаагуур мэдэж байсан нэгэн.Fulham-тэй байгуулсан гэрээг хэрэгжүүлэхгүй хаячихвал нөгөө тал Засгийн газрыг Арбитрт өгнө гэдгийг, Арбитрт өгвөл Засгийн газар ялагдаж өрнө орно гэдгийг, энэ бүхний эцэст өөрийнхөө бурууг Ч.Номинд тохож, танхимынхаа залуу эмэгтэй сайдыг харлуулах акц явуулна гэдгээ тэр бүр жилийн өмнөөс хараад тооцоолчихсон байж. 

Ингээд харахаар 6.5 тэрбумын арбитрын шийдвэртэй холбоотой асуудалд Б.Батцэцэг эс үйлдэхүй хийж гөжиж гүлдийсээр байгаад улсаа өрөнд оруулчихаж. Гэрээ байгуулчихаад огцорсон Ч.Номинд ямар ч буруу алга.

Хатуухад хэлэхэд, “Fulham”-д төлөх болчихоод байгаа 6 тэрбум төгрөгийн хариуцлагыг хүлээх ёстой цор ганц албан тушаалтан нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болж таарч байна. Төгсгөлд нь нэг зүйл онцолъё. Гэрээ байгуулсан Английн хөлбөмбөгийн Fulham баг гэрээгээ хэрэгжүүлье гэж Б.Батцэцэгт өчнөөн удаа хандсаны эцэст арга нь барагдаад Арбитрт хандсан юм билээ. Товчхондоо Гадаад харилцааны сайд эмэгтэйн эс үйлдэхүй Монгол улсыг 6.5 тэрбумын өрөнд оруулчихсан байна. 

Дахин давтан онцолъё. Гэрээгээ хэрэгжүүлдэггүй найдваргүй улс гэсэн шошгыг Монголынхоо нэрэн дээр наалган барин увайгүй улс төр хийсэн цор ганц хүн бол Б.Батцэцэг сайд. Одоо тэр энэ увайгүй улс төрийнхөө бурууг Ч.Номин руу чихэж, танхимынхаа залуу эмэгтэй сайд руу дайрсан гүтгэлэгт акцийг сошиалд өрнүүлж явна. Түүний ор тас худал гүтгэлгийг нэр бүхий цөөн сэтгүүлч болоод сошиалд мөнгөний төлөө лайв хийдэг хэдэн нөхөр цацаж байна. Худал мэдээлэл түгээсэн тэр цөөн сэтгүүлчийн балгийг улстөрчид овжин ашиглаж Эрүүгийн хуульд “гүтгэх” заалтыг оруулахаар улайраад эхэлсэн сураг төрийн ордны тамхины цэг хавиас дуулдаж эхэллээ. Ингээд харахаар ганц сайдын өрсөлдөгчөө намнах гэсэн гүтгэлэгт акци бүхэл бүтэн салбарыг унагах том шалтаг болж хувирч ч мэдэхээр байна.

Эх сурвалж: Өдрийн сонин