Цаг уур, орчны шинжилгээний газрын 11 дүгээр сарын 20-ны хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр Монгол орны нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ.

Өмнөх арав хоногийн мэдээтэй харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгдсэн байна.

Цасны зузаан Увс аймгийн Бөхмөрөн, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Ховд, Хяргас, Цагаанхайрхан, Завхан аймгийн Баянтэс, Тэлмэн, Тэс, Цэцэн-Уул сумдад 30 см-ээс их байна. Эдгээр сумдын цасны зузаан нийт нутгийн нэг хувийг эзэлж байгаа аж.

Харин Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зарим сумдад 21–30 см, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн зарим сумдад 11–20 см зузаан цастай байна. Эдгээр нь нийт нутгийн тус тус дөрөв болон 10 хувийг эзэлж байгаа юм.

Бусад нутгаар цасны зузаан 10 см-ээс бага бөгөөд нийт нутгийн 63 хувийг эзэлж байна.

Ийнхүү нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цасны хэмжээ өмнөх арав хоногийнхоос эрс нэмэгджээ.