Хотын дарга асан Э.Бат-Үүлийн  өмгөөлөгч А.Пүрэв­­­дулам, хүү Б.Чулуудай нар өнөөдөр  хэвлэлийн бага хурал хийж, түүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг прокурор хааж байгаа учраас өлсгөлөн зарлаж байгаа талаар мэдээлсэн: 

Өмгөөлөгч А.Пүрэвдулам энэ талаар "Э.Бат-Үүл баатар жам ёсны эрхээ шаардаж өлсгөлөн зарлаж байна. Энэ хүн өөрийгөө гэм буруугүй, өөрийгөө сулла гэсэндээ өлсгөлөн зарлаагүй. Харин Монгол Улсад ардчилсан зарчим алдагдаж байгааг эсэргүүцэж байна" хэмээн онцолсон. 

Тэгвэл Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Баярсайхан уг мэдээллийг үгүйсгэв.

Тэрбээр "Прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, захидал харилцааны эрхийг үндэслэлгүйгээр хааж, зөрчиж байгаа гэсэн нь огт үндэслэлгүй мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэе.

Прокурор хоригдож байгаа хүний эрхийг хязгаарлах, хаах талаар ямар нэгэн шийдвэр гаргадаг субьект биш. Харин хорих ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж ажилладаг байгууллага.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гараад байгаа эдгээр мэдээ, мэдээллийн мөрөөр прокуророос хорих анги дээр нь очиж, Э.Бат-Үүлтэй хэд хэдэн удаа биечлэн уулзсан.  Тэрээр “ар гэрт нь бичсэн захидлыг хорих анги өөрт холбогдолгүй зүйл бичсэн байна гэж хориглосон” гэх асуудлын  талаар ярьсан учраас энэ асуудлыг шалгаж, тодруулах арга хэмжээ авч байна" гэх мэдээллийг IKON.mn сайтад өгсөн байна.