Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаалыг өнгөрсөн шөнө 04 цагт албадан тарааж, 20 гаруй иргэдийг саатуулжээ. 

ЦЕГ-ын дэд дарга Нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргал: 

- Өчигдөр өглөө 10.00 цагаас эхлэн залуус Засгийн газарт шаардлага хүргүүлж, Төв талбайд тайван жагсаалыг хийж эхэлсэн.  Урьдчилж мэдэгдсэн жагсаал биш байсан учир жагсаал хийж буй иргэдэд үзэл бодлоо тайвнаар илэрхийлэх, иргэдийн эрх чөлөөнд халдахгүй байх талаар удаа дараа сануулж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нээлттэй орхисон. Улмаар Хуульзүйн сайд Х.Нямбаатар жагсагчдын шаардлагыг хүлээн авч, Ерөнхий сайдад уламжилсан. Тэр үед жагсагчдаас ус ундааны сав шидэх зэргээр эсэргүүцэл үзүүлж, нэг эмэгтэйн тархи толгой хагаосан. 

18.00-19.00 цагийн үед жагсаалын бүтэц өөрчлөгдсөн. Нас болон үзэл бодлын хувьд өөр залуучууд оролцож, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд бусдыг уриалах, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг хүлээж авах байх зэрэг эсэргүүцлийг гаргаж эхэлсэн. 

Сүүлдээ Улсын онцгой объект руу халдаж эхэлсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуучууд олноор цугларсан. Улмаар Их тэнгэрт очиж жагсаалыг үргэлжлүүлсэн. Цагдаагийн алба хаагчийн биед халдаж, толгойг нь хагалсан. Жагсагчдын тоо буураагүй, дунд нь хүүхдүүд болон өсвөр насныхан байсан тул шөнийн 03.40 цагт албадлагаар жагсаалыг тараасан.

20 гаруй иргэнийг түр саатуулан шалгаж байна. Эсэргүүцлийн зэргийг шалгахад 18 хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илэрсэн.