Ховд аймгийн Дарви сумын цагдаа 13 настай охиныг 24 цагийн турш гавлаж байгаад хэрэг тулгаж, биед нь халдаж, сүрдүүлсэн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тайлбар өглөө. 

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү: 

- Энэ сарын 14-ний өдөр буюу өнгөрөгч пүрэв гарагт Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэлтсийн төлөөлөгч М нь 13 настай охиныг 24 цагийн турш гавлаж биед нь халдаж, хэрэг тулгасан байж болзошгүй гэх хэргийн талаар мэдээлэл гарсан. ЦЕГ-аас учир шалтгааныг тогтоох ажлын хэсэг Ховд аймгийн Дарви суманд  ажиллаж байна. Мөн АТГ-ын бүс хариуцсан комиссар ажиллаж байна. Бидэнд ирсэн мэдээлэл одоогоор тухайн хүүхэд болон ар гэрийнхэнтэй нь уулзсан. Одоогоор тухайн цагдаагийн байгууллагын алба хаагч охиныг 24 цаг байлгасан гэсэн мэдээлэл тодорхойгүй байна. Цагдаагийн байгууллага алба хаагчаа хамгаалсан зүйл байхгүй. Бид үнэнч шударгаар хэргийг шалгасны дараа мэдээлэл өгнө. Цагдаагийн байгууллагаас урьдчилж мэдээлэл өгөх боломжгүй. ” гэлээ.