УИХ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд заавал мэдэгдэл хүргүүлэх тухай заалт орсон. Энэ заалтын дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас иргэнд мэдэгдэл хүргэх системийг боловсруулжээ. 


Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ:

- Өнөөдрийн байдлаар E mongolia системд төрийн 648 үйлчилгээ орсон байна. Сүүлийн үед аймаг, орон нутгийн үйлчилгээг түлхүү оруулж байна.  Тодруулбал 13 аймгийн 868 үйлчилгээг нэвтрүүлсэн. 6 сарын нэгнээс өмнө 1200 гаруй үйлчилгээг цахимжуулахаар 3 баг ажиллаж байна. Багууд төрийн үйлчилгээг цахимжуулахаас эхлээд иргэдэд сургалт сурталчилгааг давхар явуулдаг. 

- E mongolia 2020 оны 10 дугаар сарын 1-нд ашиглалтад орсон. Нээгдсэнээс хойш 10 сая үйлчилгээг иргэдэд хүргэсэн.  2021 онд төрийн байгууллага хооронд нийтдээ 511 сая удаа мэдээлэл солилцсон гэх судалгаа гарсан. Гэвч эдгээр мэдээллийг тухайн иргэн хэн, хаана ашиглаж байгааг хянах боломжгүй байсан. Харин Мэдэгдэл хүргэх систем ашиглалтад орсноор хянах боломжтой болж байна. 

- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай багц хуульд зааснаар иргэний мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан, харсан тохиолдолд мэдээлэл алдсан ажилтанд 5-10 жилийн хорих ял оноохоор онцлогтой.

- Бид цаашид Үндэсний имэйл системийг системийг нэвтрүүлнэ. Учир нь цахим орчинд хүний мэдээллийг ашиглаж, хуурамчаар компани байгуулж, бичиг баримтыг ашиглаж залилан хийх явдал нэлээд гардаг. Тиймээс иргэнд баталгаажсан имэйл хаяг нэвтрүүлнэ. 

- Иргэд дэлгүүр, гоо сайхны салон гэх мэтээр маш олон газар өөрийн дахин давтагдашгүй өгөгдлийг үлдээсэн байгаа. Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч энэ мэдээллийг устгах ажлыг тавдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөсөн.