"Generation" үеийнхний боловсрол буюу Тогтвортой хөгжил

Б.Ариунзаяа
2022/05/17

“Одооны хүүхдүүд үү... Яаж ингэж чаддаг байна аа. Бид багадаа ийм байгаагүй дээ” гэх гайхшрах нэгэнтэй олонтой таарч байсан бизээ. Магад ийм үгийг өөрийн эрхгүй амнаасаа гаргасан хүн нь та ч байж болох. 

Бид гар утасны загвар жил ирэх бүр өөрчлөгдөж, хөгжиж байгааг анзаардаг болохоос хүний хөгжил төдий хурдаар явагдаж байгааг анзаарах сөхөөгүй байдаг мэт. Гэвч бидний дэргэд цоо шинэ generation үеийнхэн өсөн торниж байна. Тэд бол байгалиасаа дижитал ур чадвар болон манлайлах ур чадвар өндөртэй, эх дэлхийгээ хайрлах, хариуцлагатай хандах халдлагатайгаас гадна томчуудад хөтөч болж, зарим чадварт суралцахад  тусалж байна. Ийм үеийнхэнд хуучны боловсролын арга барил тохирох уу...

Боловсролын байгууллага шинэ үеийнхэнд зориулж хөтөлбөрөө шинэчилж, заах арга барил, хандлагаа ч мөн өөрчилжээ. Ингэхдээ шинэ зууны боловсролын чиг хандлагыг Тогтвортой хөгжлийн боловсрол хэмээн нэгэн дуугаар онцолж байна. Боловсролоор дамжуулж тогтвортой хөгжлийг бий болгох нь ирээдүйн чиг хандлага гэдгийг тэд хүлээн зөвшөөрчээ. 

Боловсролын салбарт хөгжлийн шинэ соёл суулгаж, хэвшүүлэхэд Мэргэжлийн хяналтын үүрэг оролцоо асар их. Тиймдээ ч боловсролын байцаагчид хяналтын хуудсаа Тогтвортой хөгжилд нийцүүлэн өөрчилсөн. Нийслэл болон 21 аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчдыг Сэлэнгэ аймагт чуулж энэхүү өөрчлөлтийнхөө алдааг оноог дүгнэж, хяналтын хуудасныхаа дараагийн хэсэгт оруулах өөрчлөлтийнхөө талаар хэлэлцсэн. Энэ зөвлөгөөний үеэр манай улсад Тогтвортой хөгжлийн боловсрол хэрхэн хөгжиж байгаа болон яагаад хөгжих чухал шаардлагатай байгаа талаар ТХБ II төслийн олон улсын зөвлөх Мита Нангия Госвами, Байгаль орчин мэдээлэл сургалтын төвийн тэргүүн Л.Тэмүүжин, МУБИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн албаны дарга, Ph.D/: Я.Шийлэгмаа нар илтгэл тавьсан юм.


ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ НИЙГМИЙГ ХУВИРГАН ӨӨРЧИЛЖ ЧАДНА

Мита Нангия Госвами:


- Тогтвортой хөгжлийн боловсрол бол нийгмийг хувирган өөрчлөх боловсрол гэдгийг юуны түрүүнд тодотгон хэлье. 

Хүмүүс бид өөрсдийгөө байгаль дэлхийн эзэн. Дэлхий дээр байгаа бүх зүйлийг дураараа ашиглаж болно гэж боддог. Гэвч бид бол дэлхий дээр байдаг 8 сая гаруй эд эсийн нэг нь. Дэлхийн настай харьцуулахад хүн гэдэг 1 минут гаруй хугацаанд л амьдардаг. Ийм богино хугацаанд амьдардаг хэрнээ эх дэлхийд маш их хор хохирол учруулсаар байна. Бид ойрын хугацаанд дэлхийн дулаарлыг багасгаж, хүлэмжийн хий, хог хаягдлаа бууруулахгүй бол аюултай байдал хүрэх нь.  Жил ирэх бүр дэлхийн дулаарал 1,2 градусаар нэмэгдсээр байна.  Хүлэмжийн хийг бууруулах асуудалд дэлхийн улс орон бүр тодорхой хэмжээний ахиц гаргаж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Монгол Улсын хувьд ялгаруулж байгаа хүлэмжийн хийгээр дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад бага байдаг ч нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт дэлхийн дунджаас нэлээн хамаагүй байна.  Биологийн төрөл зүйлүүд олон саяараа мөхөж байна. Жилд дунджаар 12 сая га ой мод устаж үгүй болж байна. 

 Дэлхийн улс орнууд үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ 3,1 зөв зохистой хэрэглэж чадалгүй хаяж, хаягдал болгож байна.  Хуванцрын бохирдол дээд хэмжээнд хүрч, зөвхөн нэг удаагийн хэрэглээний хуванцар жилд 400 сая тонн хаягдал үүсгэж байна. Байгалийн нөөц хязгаартай. Харин хүний хэрэглээ хязгааргүй. 2050 он гэхэд энэ хор хөнөөлөө гурав дахин багасгахгүй бол аюул учирна гэсэн тооцооллыг эрдэмтэд хийсэн. Тиймээс байгальд ээлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэдийг бэлтгэх шаардлагатай байна. Үүнийг нийгмийн жижигрүүлсэн хэсэг болох сургуулийн орчноос эхэлж болно. 

ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН ҮЗЭЛ УХАМСАР НЬ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХНЫГ ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХИЙГ ШААРДАЖ БАЙНА

Я.Шийлэгмаа:


- XXI зууны боловсролын асуудал, Тогтвортой хөгжлийн асуудал Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд яригдаж байна. Өөрөөр хэлбэл Z generation, alpha generation  хүүхдүүдэд олгох боловсролын асуудал нэн тэргүүний асуудал болсон гэсэн үг. 

Учир нь шинэ үеийн хүүхдүүдийн зан, чанар, үзэл ухамсар нь боловсролын салбарын ажилтнуудыг хандлагаа, арга барилаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүргэж байна. Generation хүүхдүүд бол байгалиасаа дижитал ур чадвар, манлайлах ур чадвар суралцсан, зарим талаараа сургуульд багшилж байгаа багш нараасаа ч илүү олон талаараа хөгжчихсөн онцлог үеийнхэн. Тиймээс багш яаж гологдохгүй, хүүхдүүдтэйгээ хөл нийцүүлэн алхаж, багшлах вэ, цаашлаад сургалтын хөтөлбөрөө яаж шинэчлэх, яаж ур чадвараа алхам тутамдаа сайжруулах гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Үүнд хамгийн том хөтөч болох зүйл бол тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлал. Яагаад гэвэл XXI зууны боловсрол бол тогтвортой хөгжил.

Өмнө нь багш нар би чамд заана, би бүхнийг мэддэг гэх арга зүйгээр хичээлээ заадаг байсан бол өнөөдөр багш бол хамтрагч, чиглүүлэгч, зөвлөгч болсон.  Бид хүүхдүүддээ загас барих аргыг нь зааж өгөхөөс загасыг нь барьж өгөхгүй. 


ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛООР ЖИШИГ БОЛСОН ЗУРГААН АЙМГИЙН 30 СУРГУУЛЬ БИЙ

Л.Тэмүүжин: 


- Олон улсад сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага гэдэг  арга зүй гэж байдаг. Тогтвортой хөгжлийн боловсрол II төсөл энэ арга зүйг сургуулиудад нэвтрүүлэх замаар сургуулийн орчин, засаглал, түншлэл, сургалтын хөтөлбөрт нь өөрсдөөр нь  хяналт үнэлгээгээ  хийж, болж  байгаа зүйлээ батжуулж, доголдол гараад байгаа хэсэг дээрээ мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмж авч байна. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт үнэлгээний хуудас дээр Тогтвортой хөгжлийн боловсрол сургууль цэцэрлэгийн орчинд ямар байх вэ гэдэг тохируулга хийгдэж байна. Энэ тохируулга нь сургуулиудад хөгжлийн стандарт, хэм хэмжээг тогтоохоос гадна сургуулийн засаглалыг сайжруулж, сургалтын орчин, хамт олон гээд сонгууль тойрсон бүхий л асуудлуудыг Тогтвортой хөгжилд нийцүүлэн шийдвэрлэх юм. 

Дэлхийн хөгжил сайтай улс орнуудад тогтвортой хөгжлийн боловсролоо сургууль, цэцэрлэгийнхээ орчныг сайжруулах, материаллаг баазыг бүрдүүлэхээс эхлээд багшлах боловсон хүчнээ татан сургах зэрэг асуудлуудад илүүтэй анхаардаг. Манай улсын хувьд бодлогын баримт бичиг баримт, хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцсэн. Мөн үүнийгээ дагаад боловсролын салбарт л хийгдэж байгаа зүйлүүд ч олон байна. Тогтвортой хөгжлийн боловсролоор жишиг болсон зургаан аймгийн 30 сургууль бий. Тэдгээр сургууль болгон өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Хийсэн бүтээсэн ажлууд нь өөр. Зарим бүр ийм жижиг төсвөөр ийм том ажлыг хийж болох уу гэмээр итгэхэд ч бэрх байдаг. Гэхдээ анхаарах зүйл бий.  


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.117.70
    2022/05/17

    togtwortoi hugjliin undes n bolovsrol ymdaa

    Хариулах