Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ асуулт тавьжээ.     

 УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цахим хаягтаа "Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт татан оролцуулсан хэрэгт ял шийтгүүлж, улмаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хэрэгт шалгагдаж байхдаа нас барсан, хэд хэдэн улсын улс төрчид, банк, санхүү, бизнесийн нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон хувь харилцаагаараа дамжуулан үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулж байсан Жеффри Эпштэйнтэй холбоотой асуудал олон улсын анхаарлын төвд байна.  

Америкийн Нэгдсэн Улсын Конгрессоос 2025 оны 11 дүгээр сард баталсан “Эпштэйний хавтас хэргийн ил тод байдлын тухай хууль” (Epstein Files Transparency Act)-ийн дагуу Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамнаас  болон Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хянан шалгах болон засаглалын реформын хорооноос ил тод, нээлттэй болгосон хавтаст хэргийн материал, баримт бичиг (цаашид “Эпштэйний хавтаст хэрэг  https://www.justice.gov/epstein гэх)-т шинэ баримтууд дэлгэгдэж, Монгол иргэдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй асуудлууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон бусад албан тушаалтнууд холбогдсон тухай, Эрдэнэт, Оюутолгой зэрэг стратегийн орд газруудтай холбоотой ноцтой мэдээлэл гарч байгаатай холбогдуулан тус асуултыг тавьж байна. Энэхүү сэдэвтэй холбоотой аливаа мэдээллийг нээлттэй хүлээн авч, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлье! Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ" гэжээ.