Ардчилсан нам (АН) ээлжит удаагаа "эв нэгдэл" гэх ганцхан шошготой, олон фракцын эрх ашгийг багцалсан "тохирооны" шийдвэрээ танилцууллаа. Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг баталгаажуулж, дэд дарга нарын тоог 15-аас 5 болгон цөөлсөн нь бүтцийн хувьд "эрүүлжих" мэт боловч, агуулгын хувьд фракц бүрт бялуу хуваасан хувилбар болов.
Намын дарга О.Цогтгэрэл эрх мэдлийг төвлөрүүлж, нэг цул бодлогоор явахаас илүүтэй фракцуудын "гал тогоо"-г тус бүрт нь хадгалж үлдэх "тэнцвэржүүлэх" тактикийг сонгосон нь энэ.
АН-ын дэд дарга нар:
МоАХ (Х.Баттулга): Л.Мөнхбаясгалан
МОНДЭ (Б.Пүрэвдорж): П.Мөнхтулга
Нэг Монгол (Ц.Туваан): Н.Ганибал
Гранд Монгол: Ч.Өнөрбаяр
Ардчилсан сэргэлт (Б.Түвшин): Д.Энхтуяа
Энэхүү квот нь дотоод зөрчлийг гал гаргалгүй намжаах түр зуурын аргацаалт уу, эсвэл сонгуульд нэгдмэл хүчээр орох ялалтын стратеги уу гэдэг нь асуултын тэмдэг хэвээр байна.
Учир нь С.Баярцогт нэгэн цагт "Монголын дайсан" хэмээн цоллогдож явсан хүн. Тэрбээр туршлагатай техникч, стратегич. Түүнд АН-ын сарнисан бүтэц, тактикийг эмхлэх чадамж бий гэж үзэх хэсэг байгаа ч намын ирээдүйд хамгийн том эрсдэл болж мэднэ гэж үздэг хэсэг бүлэг хүмүүс байгаа нь өнгөрсөн өдрүүдэд тодорхой харагдсан.
Сонгогчдын ёс зүйн шүүлтүүр чангарсан өнөө цагт АН-ын энэ сонголт "эрсдэлтэй бооцоо" юм. МАН-ын зүгээс ирэх улс төрийн дайралтын гол бай нь С.Баярцогт байх бөгөөд үүнийг нам нь хэрхэн хамгаалж, тайлбарлах нь тэдний чансааг харуулна.
Хэдийгээр С.Баярцогтыг эсэргүүцэгч талууд "олонхын шийдвэр" гэх нэрийн дор гар барьж буй улс төрийн ёс зүй гэхээсээ илүүтэй эрх мэдлийн прагматик тохироо мэт. Гэвч фракцийн тэнцвэр бол ялалтын стратеги биш. Сонгогчид "хэн дарга болсон"-д бус, "юуг өөрчлөх"-д илүү ач холбогдол өгдөг.
Тиймээс С.Баярцогтын "эргэн ирэлт" АН-ыг зохион байгуулалтын хувьд сэргээж болох ч, нэр хүндийн хувьд дахин "сэхээнд" оруулах шалтгаан болж мэднэ.














Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!