ШУУД: АНАНД ХҮҮГИЙН ХОРТ ХАВДАР ДАХИЖ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛГҮЙ БОЛСНООР МОНГОЛДОО ИРЛЭЭ...

Үргэлжлэл...

Ананд хүүгийн ээж Ц.Даваа:

- Өчигдөр Эх нялхсын цусны төв дээр очсон. Нэгэн дахилт өгсөн бол химийн эмчилгээнд орж, чөмөг шилжүүлэн суулгахаас өөр арга байхгүй л гэж байна. 

-  Хүү маань нурууны хавдар нь эдгэрсэнд баяртай байгаа. Ганц нэг алхдаг байснаа сүүлийн үед больсон. Цусны шинжилгээ, чөмөгний шинжилгээ авахад их өвддөг. Тэр үед хүү минь надруу хараад л байсан. Үнэндээ хүний нутагт уйлах ч газар олдоггүй юм билээ. Хүүгийнхээ хажууд уйлчихвал гадарлачихна. Өрөөнөөсөө гараад уйлъя гэхэд хүү маань яах ч билээ гээд тэвчсэн. 

- Samsung  эмнэлгийн зүгээс хөнгөлөлт байхгүй гэдгээ мэдэгдсэн. Химийн эмчилгээ нь дуусаад ийм богинохон хугацаанд дахилт өгсөнд хариуцлага гэж яригдахгүй л юм билээ. Гэхдээ би дотроо жаахан ч гэсэн хөнгөлөөд өгвөл дахиж зүтгээд химийн эмчилгээнд оруулчихъя гэж л бодож байлаа. Гэтэл зөвхөн чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний зардал нь 150 сая вон. Өрөөний төлбөр бусад дагалдах зардлуудын хэд болохыг таашгүй. 

- Энэ дашрамд, хүү бид хоёрт үргэлжилж тусалж ирсэн ах эгч хоёртоо маш их баярласнаа илэрхийлье. Тэд маань бидэнтэй адилхан л хүүхдээ эмчлүүлж байгаа улс байж, онгоцны хамгийн урд талын эгнээний суудал авч өгч явуулсан.

Өнгөрсөн хугацаанд манай сайтад БНСУ эсвэл Турк улс руу явж эмчилгээнд явахаар боллоо гээд маш олон эцэг эхчүүд хандаж, нийгмийн хариуцлагын хүрээнд мэдээ мэдээллийг гаргаж өгсөн. БНСУ-д нэг жилийн хугацаанд  Samsung  эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн хүний хувьд тухайн эмнэлгийн эмчилгээний үр дүн хэр байна вэ. Эдгэрсэн хүн байна уу, эдгэрэх боломжгүй байхад нь эдгээнэ гэж авчраад бизнес хийгээд байна уу?

- БНСУ хүний өвчнөөр бизнес хийгээд байна гэдэг яриа их байдаг байсан. Өнгөрсөн жил эмчилгээ хийлгэх гэж явахдаа энэ талаар ер бодоогүй. Очоод онош нь өөрчлөгдөөд бүтэн жилийн хугацаанд эмчилгээ хийлгэсэн хүний хувьд хэлэхэд олны үг ортой гэж хэлмээр байна. Үнэхээр бизнес тал руугаа явчихсан. Бүтэн нэг жилийн хугацаанд эмчилгээ хийлсний дараа дахин эхэлсэн цэг дээрээ очиж байна гэдэг дээр ард түмэн дүгнэлт хийх байх. Сайн судалж байгаад л хаана эмчилгээ хийлгэх вэ, үр дүн гарах уу гэдгийг сайтар судлах л хэрэгтэй юм байна.

-Би эмнэлгийн удирдлагуудтай уулзаад өнгөрсөн хугацаанд ийм их зардлаар эмчилгээ хийлгээд ямар үр дүнд хүрэв гэдгийг асуухаар "Хавдар бол дахих эрсдэл өндөртэй шүү дээ" гэдэг л хариу өгдөг. Дахилт өгчихлөө, хариуцлага алдчихлаа гэдэг зүйлийг хэлээгүй, угаасаа хэлэхгүй нь ойлгомжтой. 

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд ямар ч эмнэлэг "боломжгүй" гэдэг хариуг өгдөггүй шүү монголчуудаа. Ямар нэг байдлаар найдвар өгдөг, эцэг эхчүүд түүн рүү нь зүтгэдэг. Амьд жишээ нь бид 2 байна шүү. БНСУ-ыг бүү зорь гэж хэлж байгаа юм биш. Өвчнөө сайн мэдэж байж, тухайн эмнэлгээсээ, эмчээсээ сайн асууж лавлаж, судлах хэрэгтэй. Ер нь нэлээд бодож шийдвэрээ гаргах хэрэгтэй. 

- Манай эмнэлэг дээр надтай холбогдоод ирсэн хүүхдүүд бий. Өөр эмнэлэгт ч бас байгаа. Зарим нь эмч нь эмнэлэг нь тоймтой хариу хэлэхгүй, аргаа бараад буцсан хүмүүс ч байна. 

- Үхтэл үр харам гэдэг. Хүүгээ эдгээхийн төлөө цаашаа дахиад л явна байх. Япон, Турк гээд л эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн орнуудад монголчууд нэлээд их эмчилгээнд явдаг. Цаашдаа яах төлөвлөгөөтэй байна вэ?

- Түрүү жил хүүгээ хөтлөөд явах юмсан гэж боддог байлаа. Одоо бол хөөрхөн, хөөрхөн юмаа яриад хажууд л байгаасай гэж бодож байна даа. 

- БНСУ-д эмчилгээ хийлгэх ямар ч боломжгүй болсон учраас өөр газруудыг судалж байна. Турк улс руу материалаа явуулаад үнийн санал сонсож үзье гэж бодож байгаа. Яг үнэндээ аргаа бараад яах учраа олохгүй л сууна. 

- Хүү минь саяхан Украин руу явсан зургийг тань харчихаад 70, 80 насалтлаа дайн үзэхгүйхэн шиг амьдарчих юмсан гэсэн. Ингэж 70, 80 наслана гэж ярьж байгаа хүүгийнхээ дэргэд би бууж өгөх ямар ч эрхгүй болчихдог юм байна. Ямартай ч эцсээ хүртэл явна. 

- Тэр холоос монголчуудынхаа амьдралыг харж л байсан. Ийм үед монголчуудыгаа дахиад туслаач ээ гэдэг үг амнаас гарч чадахгүй байгаа ч 70, 80 наслана гэж ярьж байгаа хүүдээ ээж нь ямар ч мөнгөгүй болчихлоо гэж хэлэх эрхгүй болоод байна. 

- Ядаж гурвуулаа байсан бол гэж бодохоос ч гол зурах юм. Ядаж нэг нь ажил хийгээд хүүгийнхээ эмчилгээг үргэлжлүүлэх л байсан байх.  Хүүгийн маань аав өнгөрсөн жил манай хажууд байдаг бариач руу явах гэж байхад нь л хүүхдээ үүрч хүргэж өгсөн. Тэрнээс хойш холбоо бариагүй. Хүний урамд надаас хүү яаж байна гэж асуугаагүй. Ядаж хүүтэйгээ утсаар ч яриагүй. Энэ чинь сэтгэлийн л асуудал шүү дээ. Гэтэл харь элгийн хүн хүүд маань санаа зовоод л яаж байна, хөөрхөн хүү шүү гээд л. Харин эмээ нь хандив цуглуулахад чадах чинээгээрээ тусалсан. 

- Хэрвээ эмчилгээ хийлгэх боломж нь бүрдвэл охин маань донор болно. Төрсөн ах дүү нь донор болох магадлал хамгийн өндөр байдаг юм байна. 

- Монголынхоо ард түмэнд маш их баярлаж, талархаж байгаагаа дахин илэрхийлье. Өнгөрсөн жил БНСУ руу явахдаа хүүгээ хөтөлж ирээд л баяртайгаар уулзана даа гэж жил бодсон боловч чадсангүй, намайг уучлаарай. Та бүхэндээ дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.