Ардчилсан намаас Улсын Дээд шүүхийн нэр бүхий 12 шүүгчийг шалгуулахаар АТГ-т хандсан. Тэднийг Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ч.Өнөрбаяр нарын нөлөөнд автаж АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэх шийдвэр гаргасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-т өгчээ.

Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Хэдэн банкны захирлууд тойрч сууж байгаад би Захиргааны танхимыг авлаа, би Эрүүгийн танхимыг авлаа, би Дээд шүүхийн шүүгчийг авлаа гээд яриад суудаг байж болохгүй…, ….нийт шүүгчдийн талыг нь Ц.Элбэгдорж, талыг нь Х.Баттулга томилсон…” хэмээн мэдэгдсэн.
Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Төрийн ордны гурван давхраас шүүгч нар хэнд, хэдэн жилийн ял оноох даалгавар авдаг” хэмээн мэдэгдэж байв.

Үүнээс гадна ИОН-ын дарга Ц.Оюунгэрэл “Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 63 хувь буюу 23 шүүгчийн 15 нь онц ноцтой гэмт хэрэгт холбогдож байсан ч ял шийтгэлгүй өнгөрсөн” хэмээн мэдэгдсэн.
Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд, ИОН-ын даргын энэхүү мэдэгдлүүдээс харахад Улсын Дээд шүүхийн асуудлыг УИХ, ҮАБЗ-ийн түвшинд авч хэлэлцэхээс өөр аргагүй болсон бололтой.

Энэ асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ “Мөс хагалж” Дээд шүүхийн 12 шүүгчийг шалгуулахаар АТГ-т өгсөн нь Улсын Дээд шүүхийн шүүгчдийн эгдүүцлийг төрүүлсэн бололтой хариу Мэдэгдэл гаргасан байв.
Тэрхүү мэдэгдлээс харахад АН-ын дарга С.Эрдэнийн хэлснээр “Улсын Дээд шүүх Улстөрийн намын бүртгэл хөтлөх журмаа зөрчиж, АН-ын гэрчилгээ эх хувийг хавсаргаагүй, намын тамга тэмдэг дарагдаагүй баримт бичгийг хүлээн авч шийдвэрлэсэн” гэх асуудал дээр Улсын Дээд шүүхээс хариу мэдэгдэл хийхдээ “Ардчилсан намын дотоод маргаан үүссэн 2020 оноос хойш аль аль нь өөрийгөө Ардчилсан нам гэх хоёр талаас нийт 14 удаа тус намын бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлаар Улсын дээд шүүхэд хандаж байжээ. Аль ч талаас ирүүлсэн хүсэлтэд Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь ирүүлж байгаагүй болно. Тодруулбал, С.Эрдэнэ Улсын дээд шүүхэд хандаж хүсэлт гаргахдаа ч намын гэрчилгээний эх хувийг журамд заасны дагуу ирүүлж байгаагүй байна. Нийтэд илэрхий байгаа Ардчилсан намын “дотоод маргаантай” байдлыг харгалзан үзэж, аль ч талын эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс “улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь ирүүлээгүй” аль аль талд тэгш хандаж, Улсын дээд шүүх талуудын ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж ирсэн” гэсэн хариу няцаалт өгчээ.

Эндээс харахад Улсын Дээд шүүх Улстөрийн намын бүртгэл хөтлөх журмаа зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн төдийгүй “Аль ч талаас ирүүлсэн хүсэлтэд АН-ын гэрчилгээг эх хувиар нь ирүүлж байгаагүй учраас талуудад эрх тэгш хандсан” хэмээн мэдэгдсэн нь туйлын бүдүүлэг, мэргэжлийн бус, хууль журмаа үл огоордгийн нотолгоо болжээ. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүх улстөрийн намын дотоод зөрчил маргааныг шийдвэрлэх эрх бүхий субьект биш төдийгүй энэ тохиолдолд зөвхөн бүртгэлийн чиг үүрэг хэрэгжүүлэх үүрэгтэй учраас Улстөрийн намын бүртгэл хөтлөх журамд заасан бүрдүүлбэр хангаагүй ямар ч өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрхгүй юм. 

Тийм учраас илтэд хууль зөрчиж гаргасан Захиргааны актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаас өөр аргагүй юм.

Үүнээс гадна Улсын Дээд шүүхийн шүүгчид АН-ын ҮБХ-ний гишүүдийн тоог АН-ын Үндсэн дүрэмд зааснаар өөрөөр дур мэдэн тогтоож, олон нийтийн байгууллагын эрхэнд бүдүүлгээр халджээ. Ингэхдээ АН Үндсэн дүрэмд заасны дагуу улирал тутам эргэлтийн сонгууль зохион байгуулж, ҮБХ-ны гишүүдийн 30 хувийг тогтмол шинэчилдэгийг ч судалж мэдээгүй бололтой. Түүнчлэн АН-ын гишүүд нь саналын эрхтэй болон саналын эрхгүй гэдгээр нь ялгагддагийг ч тооцож үзээгүй бололтой.

Өөрөөр хэлбэл, Л.Гантөмөрийг сонгож саналаа өгсөн ҮБХ-ны гишүүдийн олонхи нь ротациар ҮБХ-ний гишүүнээс хасагдсан, бүрэн эрх нь дуусгавар болсон, саналын эрхгүй гишүүд байжээ.

Үүнээс гадна 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын дарга С.Эрдэнэ нэр дэвшихэд Улсын Дээд шүүхээс “АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэгдсэн тогтоол хүчинтэй байна” гэх агуулга бүхий тодорхойлолтыг Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгч, түүнийх нь дагуу СЕХ С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэж авч байжээ.

Үүний дараа Хэнтий, СХД-т болсон нөхөн сонгууль дээр ч энэ асуудал давтагдсан.
Гэтэл Л.Гантөмөрийг бүртгэх болохоор С.Эрдэнэ дарга АН-ын дарга биш болчихдог нь хачирхалтай бөгөөд ашиг сонирхлын зөрчил орсон байх магадлалыг өсгөж байна. Хэрэв С.Эрдэнэ АН-ын дарга биш юм бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүчингүй болж, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг суудлаас нь буулгаж, Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулах хэрэгтэй болно биз ээ…

Өөрөөр хэлбэл, асуудал Улсын Дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу, Ерөнхийлөгч огцрох уу гэдэг дээрээ тулжээ.

Дээд шүүх ийнхүү удаа дараа хууль зөрчсөн хууль бус үйлдэл хийж, аливаа асуудалд хууль, журмаар биш өөрсдийн дур үзэмжээр хандаж байгаа нь эрх баригчдын болон бизнесийн бүлэглэлийн захиалгаар улстөржсөн шийдвэр гаргадаг гэх хардлагыг улам бататгаж байна. Ерөнхий сайдын хэлснээр Эрүү, Иргэний танхимыг нь банкирууд хуваагаад авчихсан юм бол Улсын Дээд шүүхийг яаралтай бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, үнлсээр нь шинэчлэх шаардлагатай байна.

Эцэст нь хэлэхэд Улсын Дээд шүүх аливаа төрийн болон төрийн бус байгууллагын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож, эвлэрүүлэн зуучлагчийн ажил хийж, хэрүүлийн шинж чанартай дулимагхан мэдэгдэл гаргаж суухын оронд Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын хийсэн мэдэгдэлд дорвитой хариу өгч, авлигалчидтайгаа тэмцэх хэрэгтэй байна. Шүүх дээр гацсан авлигал албан тушаалын хэргүүд тоогоо алдлаа. Хэчнээн ч удаа хойшилж, хэдэн жилээр сунжирч байна вэ.