Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо болон “Дэлхийн морьтнууд” төрийн бус байгууллагаас монгол адуунд “Монгол Улсын баатар” цол олгох санаачилга гаргаснаа өнөөдөр хэвлэлийн хурлаар танилцууллаа.

Санаачлагчдын зүгээс монгол адуунд төрийн дээд цол олгох нь түүний генофондыг хамгаалах, цэвэр цусны байдлыг хадгалах, эрлийзжих эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд хууль тогтоомжийн хэрэгжилтийг улс төр, нийгмийн сэтгэл зүйн түвшинд баталгаажуулах ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Мөн Монгол адуу нь үндэстний тусгаар тогтнол, түүхэн ялалтын бэлгэдэл бөгөөд “баатар” цол олгох нь түүхэн шударга ёсны илэрхийлэл, монгол түмний нэгдмэл байдлыг бэхжүүлэх оюун санааны тунхаглал болно гэж үзэж байна.

Гэвч одоогийн мөрдөж буй Монгол Улсын Цол, одон медалийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмаар “Монгол Улсын баатар” цолыг түүхэн онцгой гавьяа байгуулсан хүнд олгохоор зохицуулсан бөгөөд амьд биет, амьтанд олгох эрх зүйн боломжгүй байгаа юм.

Иймд санаачлагчид уг асуудлыг хууль эрх зүйн түвшинд хэлэлцэхийн зэрэгцээ монгол адууны генофондыг хамгаалах төрийн тусгай хөтөлбөрийг эрчимжүүлэх, Үндэсний их баяр наадам болон бусад соёлын арга хэмжээнд монгол адууны үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.