Их Британийн Хаан Чарльз болон Хатан хаан Камилла нар АНУ-д дөрөв хоногийн хугацаатай төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Энэ нь 2007 онд Хатан хаан II Элизабет айлчилснаас хойш Британийн хаан ширээ залгамжлагчийн түвшинд хийгдэж буй анхны төрийн айлчлал юм.
Мэрилэнд муж дахь Эндрюсийн цэргийн нисэх баазад газардсаны дараа Цагаан ордонд Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар тэднийг хүлээн авч уулзав. Өнгөрсөн бямба гарагт Вашингтон хотод болсон халдлагын улмаас аюулгүй байдлыг дээд зэргээр чангатгасан байна.
Хаан Чарльз ирэх мягмар гарагт АНУ-ын Конгресст үг хэлэх төлөвтэй байна. АНУ тусгаар тогтнолынхоо 250 жилийн ойг тэмдэглэж буй энэ жил Британийн Засгийн газрын нэрийн өмнөөс хийж буй энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг бэхжүүлэх "зөөлөн хүчний" оролцоо юм.

Хатан хаан Камилла 1957 онд Нью-Йорк хотын даргаас II Элизабет хатанд бэлэглэж байсан, Британи болон АНУ-ын далбааг хослуулсан зүүлтээр гоёжээ. Энэ нь 1956 оны Суэцийн хямралын дараах харилцааг сэргээж байсан түүхэн утгыг агуулж байна. Хаан Чарльзыг зөгийн аж ахуйг дэмжигч гэдгийг нь хүндэтгэн Цагаан ордны цэцэрлэгт Цагаан ордны хэлбэртэй жижиг үүр бэлдсэн нь дипломат харилцааны нэгэн сонирхолтой деталь байв.
Тухайн айлчлал нь 1956 оны Суэцийн хямралын дараа Ойрх Дорнодын дайнаас үүдэн муудсан АНУ, Их Британийн харилцааг сэргээх дипломат зорилготой байсан юм. Үүний дараа Хаан Чарльз, Хатан Камилла нар Вашингтон дахь Их Британийн Элчин сайдын яаманд болсон 600 гаруй зочинтой цэцэрлэгийн хүлээн авалтад оролцжээ.

Зочдын дунд улс төр, шинжлэх ухаан, буяны байгууллага, цэргийн салбарын АНУ, Их Британийн төлөөлөл байв. Уламжлалт сэндвич, скон зооглосон ч үхрийн махан сэндвич нь дипломат утгатай байжээ. Учир нь энэ мах нь саяхан байгуулсан хэлэлцээрийн дагуу татваргүйгээр импортолсон Британийн үхрийн махны эхний багц байсан аж.
Улс төрийн зочдын дунд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси, сенатор Тед Круз, Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер нар байлаа.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!