Манай улс боловсон хүчний дутагдалд орчихсон гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч буй. Албан байгууллагуудын ажлын зараар ирдэг хүн ховордсон, нэн ялангуяа байгаль орчин, ХАА чиглэлээр ажиллах хүний нөөц “өдрийн од” болсон талаар салбарынхан нь толгой сэгсэрсээр байна. Одоогийн байдлаар манай улсад байгаль орчны чиглэлээр 40 гаруй төсөл хөтөлбөр хэрэгждэг. Гэтэл эдгээр төслүүдэд ажиллах хүний нөөц дутмаг байгаагаас гадаадаас өндөр цалинтай ажилтан ажиллуулах явдал нэмэгдсээр байгаа аж.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголт, Зээлийн банк (KfW)-аас БОАЖЯ-тай хамтран Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд онцгойлон анхаарч эхэлжээ.
Тус төслийн эхний шат зургаан жил буюу 2015-2021 онуудад Төв, Хангай, Зүүн бүсийн ТХГН-уудад 11,5 сая еврогийн санхүүжилтээр амжилттай хэрэгжиж, 15 ТХГН-ийн орчны бүсийн 48 сумын ЕБС-д “Эко-танхим” байгуулсан бол II, III үе шат Баруун болон Говийн бүсийн Тусгай хамгаалалттай газар нутгуудыг хамруулж, нийт 27,5 сая еврогийн санхүүжилтээр 2027 он хүртэл хэрэгжих юм.
Төслийн хүрээнд дээрх Баруун болон Говийн бүсийн 13 аймгийн, 19 хамгаалалтын захиргааны хариуцаж буй нийт 38 ТХГН-ийн орчны бүсийн 75 сумын сургуулийн 750 багшийг “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” чиглэлээр чадавхжуулж, цаашлаад тухайн сум орон нутагтаа ажиллах байгаль орчин, ХАА чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллах юм байна.
М.БОЛДБАЯР: /Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн зохицуулагч/
- Монгол улсын хувьд боловсон хүчний дутагдал маш хүнд болчихсон. Ялангуяа байгаль орчин, хөдөө аж ахуйн салбар боловсон хүчний дутагдалд орсны улмаас олон тусгай хамгаалалттай газар нутаг уур амьсгалын өөрчлөлтөд өртөж, гол нуур ширгэж, ан амьтан устаж үгүй болж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл хэрэгжүүлж эхэлсэн.
- Төслийн эхний шат зургаан жил үргэлжиилсэн бол хоёрдугаар шат 2020 оноос эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖ болон БШУ-ны сайд санамж бичигт гарын үсэг зурж, ирээдүйд байгаль орчин болон ХАА чиглэлээр ажиллах боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хамтарч ажиллахаар болсон. Эхний ээлжинд төсөлд хамрагдаж байгаа 38 Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн 75 сумын сургуулийн 750 багшийг байгаль орчин, ХАА чиглэлээр чадавхижуулна. Мод, цэцэг яаж тарихаас эхлээд яаж хурдан хугацаанд талхлагдсан газар нутгийг сэргээх вэ, яаж хамгаалах вэ гээд байгаль орчны бүх талаар мэргэшүүлнэ. Дараа нь эдгээр багш нар маань тухайн орон нутгийнхаа хүүхдүүдтэй хамтран байгаль орчноо хайрлах, хамгаалах, тухайн орон нутгийнхаа байгаль орчинд тулгамдаад байгаа асуудал дээр гарц гаргалгаа олох зэрэг практик байдлаар ажиллаад явах юм гэлээ.
Б.СЭРЧМАА: /Булган аймгийн БШУГ-ын мэргэжилтэн/
- Төслийн нэгдүгээр шатанд манай аймгийн гурван сургууль хамрагдсан. Бидний зорилго бол хүүхдүүддээ Тусгай хамгаалалттай газар нутаг буюу өөрийн төрөлх нутаг орноо хэрхэн хамгаалж авч үлдэх үү, ирээдүй хойч үедээ унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээх вэ гэдгийг л ойлгуулж мэдүүлэх. ЕБС -ын бүх шатанд нь экологийн боловсролыг олгох сургалтын хөтөлбөрийг шингээж өгсөн. ЕБС-ийн хичээл бүрт интеграцилсан байдлаар судлагдахуун болгоноор хүргэж ажиллаж байна. Үүнд шаардагдах гарын авлагууд байдаг. Багшид ямар нэг ачаалал үүсгэхгүйгээр хичээлийн хөтөлбөрт шингээж өгсөн нь маш давуу талтай. Түүнчлэн бүх хэрэглэгдэхүүн анги танхимыг хангасан учраас багшаас ганцхан ур чадварыг л шаардаж байгаа.
Б.ӨСӨХЖАРГАЛ: /Сэлэнгийн Шаамар сумын ЕБС-ийн захирал/
- Бид төслийн хоёрдугаар шатанд хамрагдах болсон. Үүнд маш баяртай байна. Төслийн хүрээнд бидэнд ямар нэг шаардлага тавиагүй. Шаамар сум маань сангийн аж ахуй ялангуяа зөгийн аж ахуй ихээр хөгжсөн газар. Олон цэцэгт ногоон ургамалуудтай. Манай хүүхдүүд багаасаа л газар нутагтайгаа танилцаж өсөж байгаа. Сурталтаар олж авсан мэдлэг ур чадвараараа сурагчидаа чиглүүлэн ажиллана” гэлээ.
















Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!