Тусгай хэрэгцээт иргэдийнхээ асуудлыг технологиор шийдэхэд ЦХХХЯ манлайлал үзүүлнэ

Админ
2023/11/27

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдэнд тулгамдсан асуудлыг технологийн аргаар хэрхэн шийдвэрлэх шийдлийг танилцуулах "Ability expo-2023" амжилттай боллоо. 

ЦХХХЯ-ны салбар байгууллагууд тэр дундаа И-Монгол академийн залуус экспод оролцогчиддоо тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан үйлчилгээнүүдээ танилцуулж, тэдэнд зориулж ямар үйлчилгээ нэмж оруулах хэрэгцээ, шаардлага байгааг судалж, санал, хүсэлтийг нь хүлээн авлаа. 

И-Монгол академийн залуус маань өнгөрсөн хугацаанд WCAG стандартын дагуу хөгжүүлэлт хийснээр дурын дэлгэц уншигч программ ашиглан системийг саадгүй ашиглах боломжийг бүрдүүлсэн. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэлгэцийн тохиргоо хийсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актыг системд нэвтрүүлсэн гээд хийж, бүтээсэн ажлуудыг нь салбарын сайдын хувиар танилцуулж, тэдний санал, хүсэлтийг хүлээн авлаа. Цаашид ЦХХХЯ тусгай хэрэгцээтэй иргэддээ зориулсан шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхэд идэвх, санаачилга гарган, үр дүнтэй ажиллана. 

Манай гэр бүлийн хувьд 2017 оноос хойш тусгай хэрэгцээт хүүхдийн “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгийг ажиллуулж, олон айлд тус дэм болж, сайн, сайхныг түгээж, нийгэмдээ тустай, бодитой ажлуудыг хийж байна. Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт 1-13 насны аутизмтай, дөрвөн мөчний саажилттай, хараа, сонсголын, залгиурын бэрхшээлтэй зэрэг 100 орчим хүүхэд хамрагдаж байна. Цэцэрлэг байгуулагдсанаас хойш 500 орчим хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж, төгсгөсөн. Үүнээс 299 хүүхэд энгийн сургуульд ороод байна. Мөн “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгийн 13 хүүхдийн ээж тус цэцэрлэгт цалинтайгаар багш, асрагчаар ажиллаж байна.  

Мөн ирэх онд СХД-т тусгай хэрэгцээт хүүхдийн цогцолбор байгуулахад миний бие идэвх, санаачилга гарган, улсын төсөвт суулгаж, ирэх онд цогцолбор ашиглалтад орохоор болсныг дуулгахад таатай байна.

 “Бэрхшээл бүхэн боломж” уриан дор төр, хувийн хэвшлийн олон байгууллага хамтран зохион байгуулсан экспогийн үеэр эрх тэгш оролцоо, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагаа үлгэр жишээ хэрэгжүүлж буй байгууллагуудыг төрийн бодлогоор дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг олон чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн 60 гаруй иргэн, хувийн хэвшлийн төлөөллүүд өөрсдийн хийж, бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэдэд танилцуулж, шинэ боломжуудыг эрэлхийлж, экспод идэвхтэй оролцлоо. Экспог амжилттай зохион байгуулсан СДМЗХ-ны залуустаа болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлд баярлалаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна