Олон нийтэд эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, хэрэглээг хэвшүүлэх “Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нийгмийн нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Аяны нээлт дулааны 3-р цахилгаан станцд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний дэд сайд М. Баярмагнай, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э. Түвшинчулуун, тус аяныг Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн хүрээнд дэмжин ажиллаж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хөгжлийн асуудал хариуцсан дэд дарга Стив Уинкейтс болон салбарын бусад мэргэжилтнүүд, инженер техникийн ажилчид оролцож, мэдээлэл өгсөн байна.
“Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аян иргэн, айл өрх, албан байгууллага, аж үйлдвэр зэрэг хэрэглэгч бүрт эрчим хүч хэмнэх арга, зөв дадал, хэмнэлттэй, ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх замаар эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэгцээг бууруулах зорилготой юм. Энэхүү нөлөөллийн аяны нээлтэд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК , Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК зэрэг эрчим хүчний салбарын томоохон байгууллагууд оролцож байна.
Өвлийн улиралд манай улсын эрчим хүчний хэрэглээ огцом өсөж, 17-22 цагийн хооронд эрчим хүчний системийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ үед чадлын дутагдалд орох, импортын хэрэглээ нэмэгдэх, улмаар эрчим хүчний хязгаарлалт хийх болзошгүй эрсдэлтэй. Тиймээс иргэн, айл өрх, аж ахуй нэгж, эрчим хүчний хэрэглэгч бүр ТОГ-оо тохируулж, хэмнэлттэй хэрэглээнд нэгдсэнээр эдийн засгийн болон байгаль орчны асар их үр өгөөжтэй.
“Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аяны хүрээнд хэмнэлт хийх, технологийн шийдэл, эрчим хүч хэмнэх энгийн арга, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаар мэдлэг ойлголтыг тогтмол түгээнэ. Иргэн бүр мэдлэг, ойлголттой болсноор эрчим хүчний нийт хэрэглэгчид хэмнэлттэй, ухаалаг хэрэглээний зөв дадалтай болох ач холбогдолтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.29.46
Маш зөв шүү дээ эрчим хүч дулаанаа хэмнье ялангуа энэ тэнд дулаан уур алдагдал маш их бгааг гэмтэл устгаад явах хэрэгтэй бна
Хариулах