Азийн бүсийн оюутны программчлалын 47-р олимпиад 2023 оны 11-р сарын 19-ний өдөр Макао Улсад зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн МУИС-ийн Г.Багаболд багш, дасгалжуулагчтай, оюутан Б.Төрхүү, Д.Чингүүн, Х.Цэлмэг буюу NUM-TCHT 1-р баг оролцож, 63 их, дээд сургууль, коллежийн, 82 багтай программчлалын ур чадвар, оюун ухаанаа сорин мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.
Макаод зохион байгуулагдсан олон улсын олимпиадад нийт 92 баг оролцсон бөгөөд албан ёсоор 82 багийн дунд шалгаруулалтыг явуулж, багуудын илгээсэн бодолтуудыг өндөр хяналтын доор 11-р сарын 20-ноос 24-ний хоорондшалгаж, дүнгээ гаргалаа. Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед программчлалын олимпиадын үйл ажиллагааг камерын бичлэг, дэлгэцийн бичлэг, бодолтын эх кодуудыг нарийвчлан шалгах замаар зохион байгуулдаг болсон байна.
Мөн Г.Багаболд дасгалжуулагчийн бэлдсэн NUM-JBKH баг энэ оны 1-р сард Хонконгд болсон Азийн бүсийн 46-р олимпиадаас мөнгөн медаль хүртсэн ба нэг жилийн хугацаанд МУИС-ийн 2 баг ийнхүү олон улсын тэмцээнд амжилт үзүүлжээ. Энэ жишгээр Монголын их, дээд сургуулиудын багууд цаашид амжилтаа ахиулж оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Голомт банк нь МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуультай хамтран ажиллаж, ирээдүйн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах, хөгжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг дэмжсээр ирсэн. Энэ хүрээнд технологийн чиглэлээр сурч буй оюутнуудад чиглэсэн цалинтай дадлага хийх “Судлаач оюутан” хөтөлбөр, “Тэтгэлэгт оюутан” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, Компьютерын сүлжээний улсын XI олимпиад, Монголын Үндэсний Программчлалын XIII олимпиадыг ивээн тэтгэхээс гадна МУИС-ийн багийг дээр дурдсан Азийн бүсийн оюутны программчлалын 47-р олимпиадад оролцоход дэмжин технологийн мэргэжилтнүүдийг эртнээс бэлтгэхэд онцгой анхааран ажиллаж буй билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна