Нийслэл төсвөө иргэдээсээ “нууж”, ИТХ-аараа хэлэлцүүлж байна

Б.Ариунзаяа
2023/11/30

Төсвийн тухай хуулийн дагуу ирэх оны төсвөө иргэдээрээ нээлттэй хэлэлцүүлдэг. Засгийн газрын хувьд өнгөрсөн намар 21 аймгаараа явж төсвөө хэлэлцүүлсэн. Харин нийслэлийн удирдлагууд сандал суудал, албан тушаалын хэрүүлтэйгээ ноцолдсоор төсвөө иргэдээрээ хэлэлцүүлэх нь байтугай ил ч тавьсангүй. Улмаар өнгөрсөн долоо хоногт НИТХ-даа өргөн барьж, өнөөдөр хэлэлцэж байна.

 Өнгөрсөн жилүүдэд нийслэлийнхэн иргэдээрээ төсвөө бага ч болов хэлэлцүүлдэг байсан. Нийслэлийн иргэд ирэх жил ямар бүтээн байгуулалт хийж, юу авч, хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байгаа талаар тодорхой хэмжээний мэдээлэл авчихдаг байсан. Гэтэл энэ жил  улсын төсөв батлагдахтай нь зэрэгцээд Нийслэлийн Засаг дарга төсвөө гурав дахь удаагаа тодотгож, ичгүүр сонжуураа алдав. 

 Угтаа энэ цаг үед нийслэлийн удирдлагууд төсвөө дахин тодотгох нь битгий хэл ирэх оны төсвөө иргэдээрээ шүүлгэж, давс, тосыг нь ялгаж чамбайруулах ёстой. Гэтэл нийслэлийн бонд гараагүй гэх шалтгаанаар төсвөө дахин тодотгосон нь ямар хэмжээний хүмүүс нийслэлийг удирдаж байгаа нь үүнээс тод харагдана. 

 Д.Сумъяабазар Засаг даргаасаа буухаасаа өмнө Нийслэлийн бонд гаргах ажлыг бараг л эцсийн шатанд хүргэсэн. Гэвч ногоон автобусны худалдан авалттай холбоотойгоор СЗХ эцсийн зөвшөөрлийг нь олгоогүй.  Х.Нямбаатар Засаг даргынхаа албан тушаалыг авангуутаа уг ажлыг үргэлжлүүлж болох байсан. Харамсалтай нь тэрбээр өөр дээрээ лай хураахыг хүсээгүй. Үүнийхээ оронд хамгийн амархан бөгөөд аюулгүй аргыг сонгож, бүх ажлыг хойшлуулснаар нийслэлийнхэн гурав дахь удаагаа төсвөө тодотгоход хүрсэн билээ.

 За төсвийн тодотгол дүүрч гэхэд нийслэлийнхэнээрээ 2024 оны төсвөө хэлэлцүүлж болно. Цаг хугацаа, боломж, нөхцөл нь хангалттай байсан. Гэвч тэд сэтгэл гаргасангүй юу эсвэл  санаатайгаар нуув уу. Ямартай ч НИТХ-аараа хэлэлцэх хүртэл төсвөө сайтдаа байршуулсангүй.  


Тэгсэн хэрнээ төсвийн танилцуулга дээрээ Ulaanbaatar.mn сайтдаа нээлттэй байршуулсан, цахимаар хэлэлцүүлсэн гэж бурж орхив. Тав алхаад баригдах зүйл худал хэлэх нь ёсзүйн хувьд хэр юм бол.

Өнөөдрийн байдлаар тус сайтад 2024 оны төсөв тавигдаагүй байна. Түүгээр ч барахгүй санал асуулгынхаа хамгийн доод талд нь 2024 оны төсвөө тавьсан ч тус ¥судалгаанд өнөөдрийн байдлаар 16-хан хүн оролцсон байх юм.  1,5 сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотын иргэдийг 16 хүн төлөөлж чадах уу... 


Өмнө нь Х.Нямбаатар урт цагаан дээр шийдвэр гаргахдаа иргэдээсээ асуусан. Ингэхдээ тус санал асуулгын тухай мэдээ мэдээллийг өдөр, шөнөгүй цацсан. Харин 2024 оны төсөв дээр хуруу байтугай хумсаа ч хөдөлгөсөнгүй. Өөрөөр хэлбэл Х.Нямбаатар болон түүний багийнхан төсвөө иргэдээсээ санаатайгаар нуусан болж таарч байна. Нууж байгаагийн цаад шалтгаан нь юу вэ. Ямар бантангаа нуух гэж, ямар ажлаа амжуулах гэж төсвөө иргэдээсээ нууж байна вэ...?



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна