Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын хэмжээнд хүчин мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийг зөрчиж Өмнөговь аймгийн газар нутгийг гаднын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн гэх асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.ЗОЛБАЯР: 

- УИХ-ын энэ оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын үеэр дээрх аймгийн газар нутгийг гаднын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн гэх асуудал яригдсан. Иймд Ерөнхийлөгч онцгойлон анхаарал хандуулж, энэхүү асуудлыг зохих байгууллагууд шалгаж, гэм буруутай албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шилжүүлж, үр дүнг нь нийт иргэдэд ил тод, нээлттэй байдлаар мэдээлэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч Засгийн газарт өгсөн чиглэлдээ дурдсан гэлээ.