Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Анд ноёд” ХХК-ны барьж ашиглалтад оруулсан “Смарт таун-1” орон сууцанд оршин сууж буй 110 өрхийн 400 гаруй иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна.

Тус байр нь бохир усны төвийн шугамд холбогдоогүй, соруулдаг нөөцийн савтай бөгөөд бохир ус нь удаа дараа хальж иргэд болон ойролцоо байрлах ЕБС-ын 60-р сургууль, 73-р цэцэрлэгийн сурагчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа учир ХУД-ийн засаг даргын орлогч Б.Цэрэн, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй газар дээр ажиллаж үүсээд буй асуудлын дагуу ажлын хэсэг байгуулж иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхээр боллоо.

Одоогоор тус байрыг орон сууцны контор хүлээж аваагүй, СӨХ байгуулагдаагүй, иргэд улсын бүртгэлийн хаяг шилжүүлэх боломжгүй, цэцэрлэг сургуульд хамрагдахад хүндрэлтэй байгаа нөхцөл үүсээд байгаа бөгөөд иргэдийн хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст албан бичиг хүргүүлсэн боловч тус барилгыг барьсан компаниас нэрсийн жагсаалт ирүүлээгүй тул боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Компанийн зүгээс уулзалтад ирдэггүй, иргэд өөрсдөө бохироо соруулж, бусад гарах зардлаа өөрсдөө хариуцах ёстой хэмээн хэлдэг талаар иргэд хэлж байна.

Мөн тус байрны хогны сав стандарт шаардлагад нийцээгүй, бохирын цооног ил ямар нэгэн хамгаалалт байхгүй эрсдэлтэй нөхцөлд байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж арга хэмжээ авч ажиллахаар боллоо.