Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр нэгдүгээр багийн нутаг дэвсгэр, дархан цаазат Нөмрөгийн хөндийд гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 83 алба хаагч оролцсон талаар мэдээлэв.

Тодруулбал, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг болон нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нийт 19 тээврийн хэрэгсэлтэйгээр найман хоногийн турш түймэр унтраах ажиллагааг зохион байгуулжээ.

Уг ажиллагаанд шатахууны зардалд 25.6 сая, хоол хүнсэнд 10.7 сая, алба хаагчдын томилолтын зардалд 156.9 сая төгрөг зарцуулсан бөгөөд нийт 193.3 сая төгрөгийн зардал гарсан байна.

Мөн өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан отор нүүдэл хийж буй малчдыг хүлээн авах, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгсөн гэв.

Шадар сайд Н.Номтойбаяр “Өвөлжилт хүндэрч, малчид малаа онд оруулахын тулд отор нүүдэл хийж байхад тухайн нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй, хязгаарлах явдал байж болохгүй. Бид нэг л эх оронтой. Иймд отроор яваа малчдыг нутаг орондоо хүлээн авахаас татгалзсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн онцоллоо.

Түүнчлэн орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө боломжийн түвшинд хангагдсан бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд эрэмбэлсэн 205 асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байгаа аж. Төсөвт тусгагдаагүй зарим асуудлыг ч мөн шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.