Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нийт 1,7 сая хүн амтай. Дэлхийн стандартаар бол метраполис хот. Улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг бүрдүүлж, худалдаа, үйлчилгээний 84 хувь эргэлдүүлдэг энэ газрын хөгжил жил ирэх бүр саарч байна. Саарахаар үл барам хойшилж, хоцрогдож байна. Үүний шалтгаан нь эрчим хүчний дутагдал. Бараг орой бүр хийгдэх цахилгааны хязгаарлалт үүний гэрч.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжихдээ ганцхан салбарыг гартаа авч үлдсэн нь эрчим хүч. Харамсалтай нь чөлөөт зах зээлийнхээ зарчмаар өнөөг хүртэл явж чадаагүй энэ салбарынхан өнөөдөр аврал эрж байна. Тухайлбал Улаанбаатар хотын цахилгаан дамжуулан түгээх станцын нийт тоноглолуудын 30-35 хувийнх нь насжилтын хугацаа нь дуусжээ. Өнөө хэр нь 1960, 1970-аад онд үйлдвэрлэгдсэн тоноглолуудаар амь залгуулж буй тэдний бодит байдал ямар байгаа талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Т.Мөнхболдтой ярилцлаа.
УЛААНБААТАР ХОТЫГ ЦАХИЛГААНААР ХАНГАДАГ ШУГАМ, ТОНОГЛОЛУУДЫН ТЭН ХАГАСЫНХ НЬ НАСЖИЛТ ДУУСЧИХСАН, “ХҮН АВИРЧ БОЛОХГҮЙ” ГЭСЭН ТЭМДЭГТЭЙ 12 МЯНГАН ТУЛГУУР ШОН БАЙНА
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК өнөөдөр хэр хэмжээнд ажиллаж байна вэ. Манай улсын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ 32-62 жилийн насжилттай, шугам тоноглолуудын 40 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн гэх мэдээлэл байдаг. Бодит байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
- Өнөөдрийн байдлаар ачааллагдаж байгаа шугам тоноглол харьцангүй гайгүй, 100 хувьд хүрсэн тоноглолгүй өвөлжиж байна. Харин систем чадлын дутагдалд орсноос болж зарим өдрүүдэд цахилгааны хязгаарлалт их хэмжээгээр хийгдэж байгаа. Энэ нь өвлийн улиралд цахилгаанаар халдаг айлууд тав тухгүй болохоос эхлээд хөлдөлт үүсэх хүртэл хүндрэл үүсэх суурь нь болдог. Тиймээс бид хязгаарлалтыг хийхдээ нэг хэрэглэгчийг нэг цагаас хэтрүүлэхгүйгээр буюу хөлдөлт үүсгэхгүй байхаар зохицуулж байна.
Түгээх сүлжээний шугам тоноглолын хувьд 60 хувь орчим нь хувийн эзэмшлийн тоноглолууд сүлжээнд залгаатай байна. Эдгээр шугамууд ААН, иргэдийн мэдэлд байдаг учир өөрсдөө засвар хийх үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл миний хувьд Улаанбаатар хотынхон цахилгаан эрчим хүчний 40 хувьд нь засвар оруулдаг гэсэн үг. Хэдийгээр нийт шугам сүлжээний 60 хувь нь хувь иргэн, ААН-үүдийн мэдэлд байдаг ч эдгээрээс хамааралтай тасралт хамгийн их. Яагаад гэвэл тэд тоноглолдоо тогтмол үзлэг, засвар хийдэггүй, ашиглалтыг нь муутгачихдаг. Хэрвээ ямар нэг ААН, иргэний мэдэлд байдаг шугам дээр гэмтэл гарвал бусад олон хэрэглэгчдэд шууд нөлөөлдөг. Тиймээс шугам тоноглол эзэмшигчдэд шаардлага өгч засвар хийхийг байнгын шаарддаг. Нэгдүгээрт ийм байна.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотыг цахилгаан эрч эрчим хүчээр хангаж байгаа шугам тоноглолуудын 30-35 хувь нь насжилтын хугацаа дуусчихсан. Үүнийгээ бид засаж чаддаггүй. Яагаад гэвэл 1960, 1970-аад онд ашиглалтад орж байсан шугам тоноглолууд өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотыг цахилгаан эрчим хүчээр хангаад явж байна. Үүнийг засах гэхээр нэгдүгээрт, хөрөнгө нь хүрэлцдэггүй. Хоёрдугаарт сэлбэг материал нь ч үйлдвэрлэгдэхээр болчихсон. Ийм л хуучирсан, насжилт нь дуусчихсан шугам тоноглолоор нийслэлийнхэн цахилгаанаа авч байна.
Түүнчлэн Улаанбаатар хотыг цахилгаан эрчим хүчээр хангадаг 85 мянга орчим тулгуур шон бий. Эдгээр тулгууруудын 42-43 мянга орчим нь мөн л насжилт нь дуусаад муудчихсан. Бүр 12 мянган тулгуур нь "Хүн авирч болохгүй" гэдэг тэмдэгтэй. Төсөв мөнгөнийхөө боломжоор жилд 1000-1500-г засварладаг ч энэ маш хангалтгүй тоо юм.
Энд яагаад өнгөрсөн хугацаанд энэ бүгдийг засаагүй юм бол гэдэг асуулт гарч ирнэ. Бид мэдээж хүний толгой дээр тулгуур унагаж гэмтээхийг хүсэхгүй. Аль болох л засахыг хичээдэг. Хамгийн гол нь манай байгууллагын жилийн төсөв хэт бага.
Жил болгон борооны улирал буюу аянгын улирлын өмнөх бэлтгэл ажил гэж хийдэг. Энэ ажлынхаа хүрээнд бүр зайлшгүй солих шаардлагатай шугам, тоноглол ажлууд дээрээ л их засвар оруулдаг. Нэг үгээр аминд тулчихсан ажлуудаа л дөнгөн данган хийж байна гэсэн үг. Шугам сүлжээг шинэ түвшинд гаргая, аюулгүй байлгая, олон улсын жишигт нийцүүлье гэдэг чиглэлд багахан мөнгө тавигддаг. Бараг л тавигдаагүйтэй ялгаагүй дээ.
- Өөрөөр хэлбэл цахилгаан түгээх салбарт ямар ч шинэчлэл явагдахгүй байгаа гэсэн үг үү?
Яахав сүүлийн хэдэн жилийн хугацаанд гэр хорооллын бүсийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилласан. ОХУ болон Монгол улс бол тусгаарласан газардуулгын системтэй улс. Шонгийн өндөр хүчдэлд гурван утас байдаг даа. Нэг утас нь тасраад газарт уналаа гэхэд нөгөө 2 утас нь хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр тэжээж байдаг. Гэвч газарт унасан утасны эргэн тойронд нь хүчдэл үүсэж хүн амьтан нэрвэгдэх аюул үүсдэг.
Ялангуяа сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот улам л шигүү суурьшмалтай болж байгаагаас үүдэж цахилгаан дамжуулах агаарын шугамны хамгаалалтын зурвас алдагдчихсан. Уг нь энэ бүс ямар нэг утас тасарлаа гэхэд хүний аминд хүрэх аюултай цэг. Гэтэл үүнийг иргэд мэдэхгүйгээс болж дураараа шугамын доор буучихдаг. Зарим нь бүр барилга бариад ажил үйлчилгээ ч явуулах жишээний.
Цаашлаад яг энэ бүсэд хүмүүс кранаар ажил хийж байхдаа агаарын шугамд хүрсэнээс болж амиа алдах тохиолдол гарна. Үнэхээр хүнд. Тиймээс бид сүүлийн жилүүдэд хэрвээ нэг утас тасрах эсвэл кран шугамын утсанд хүрэхэд хамгаалалтаар тасардаг, өөрөөр хэлбэл өмнөх шиг хүний аминд хүрэхгүй байх, амийг нь хамгаалдаг байх ажилд мөнгө тавьж ажилласан. Мөн зарим газар гэмтэл гарсан тохиолдолд алсын зайнаас тохируулга хийдэг болгосон. Агаарын бохирдол их байгаатай холбогдуулан сүүлийн үед гэр хорооллынхон цахилгаанаар халаалтаа шийдэхийг илүүд үзэх болсон. Иргэд утааг бууруулах ажил хувь нэмрээ оруулж байхад бид дэмжих ёстой. Гэвч нөгөө талд шугамын ачаалал маш их нэмэгдэж, гэмтэл гардаг болсон. Хуучин нэг гэмтэл гарахад шууд л 1000-2000 хэрэглэгч цахилгаангүй болдог байсан бол одоо хэсэгчилж хуваах байдлаар гэмтлээ засдаг болсон зэрэг ажлуудыг өөрсдийн бололцоондоо тааруулаад хийгээд явж байна.
ЦАХИЛГААНЫ ТАРИФ ХЭТ БАГА БАЙГААГААС БИД ШИНЭЧЛЭЛИЙН ТУХАЙ ОГТ ЯРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
- Улс орны эдийн засаг сайжрахын хэрээр улсын төсөв нэмэгддэг. Энэ жил гэхэд л 27 их наядаар батлагдсан. Тэгвэл эрчим хүчний салбарын төсөв хэр нэмэгдсэн бэ. Ялангуяа танай байгууллагын төсөвт өөрчлөлт орсон уу?
- Миний өмнөх ярианаас эрчим хүчний салбар тэр дундаа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ямархуу нөхцөл байдалтай байгаа талаар ерөнхий мэдээлэл авсан байх. Хүнд байна шүү дээ. Гэтэл гадуур юмны үнэ хэд дахин нэмэгдэж байна. Валютын ханш чангарсаар байна. Өнгөрсөн жил ААН-үүдийн цахилгааны үнийн тарифыг үйлдвэрлэгддэг үнэд нь бага зэрэг дөхүүлсэн. Гэвч манай төсөв огт нэмэгдээгүй. Хэдэн жилийн өмнө 10 орчим тэрбум байсан, одоо ч 10 тэрбум хэвээрээ. Юмны үнэ нэмэгдээд байхад төсөв нь дагаад нэмэгдэхгүй байхаар шугам тоноглолоо засварлах ажлын маань цар хүрээ улам бүр л багасаж байна.
Уг нь засвараа бүрэн хангалттай хийе, нэг шинэ техник технологи нэвтрүүлье, Улаанбаатарыг бусад хотууд шиг түвшинд авчиръя гээд ажлаа эхлүүлье гэж төсөөлөхөд манайд жилд 90 тэрбум төгрөг шаардлагатай юм билээ, тооцож үзсэн. Зарим хүмүүст 10 тэрбум их сонсогдож магадгүй. 1,7 сая хүн амтай, шугам тоноглол нь хуучирчихсан хотод энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй.
- Магадгүй цахилгааны тарифыг чөлөөлбөл энэ хүнд байдлаасаа бага ч болов гарах байх?
- Эрчим хүч бол ганц чөлөөт зах зээлд ороогүй салбар. Үнээ хэт барьснаасаа болоод бидэнд өнөөдөр засвар хийх л мөнгө оногдож байна шүү дээ. Өөрөөр бидэнд шинэ техник технологи оруулах, өсөн нэмэгдэх хэрэглээгээ тооцох, шинэ шугам татах гээд л цахилгаан хангамжаа нэмэгдүүлэх мөнгө огт гардаггүй. Тиймээс хамгийн нэгдүгээрт тарифаа чөлөөлөх ёстой. Тариф чөлөөлөгдчихвөл эрчим хүчний салбар өөрөө хөгжлийнхөө чиглэл рүү ороод явчихна. Тариф хэт бага байгаагаас бид шинэчлэл гэдэг юмны тухай ерөөсөө ярьж чадахгүй, Улаанбаатар хотын цахилгаан хангамж өдөр ирэх бүр хүнд байдалд орж байна шүү дээ. Үүний дараа хууль эрх зүйгээ маш сайн сайжруулаад төрд байгаа эрчим хүчний компаниудаа яаралтай хувьчлах хэрэгтэй. Данхар бүтэцтэй нэг том компани биш. Жижиг, жижиг компаниуд болговол энэ салбар хөл дээрээ амархан тогтчихно.
- Эрчим хүчний салбарынхан хэдэн зүйлд реформ хийхийг хүсэж буй. Тэдний нь төрийн оролцоог багасгах. Цахилгааны үнийг хаа хаанаа дэмжиж байгаа. Гэвч үнэ тарифыг дагаад компаниудаа хувьчлаад эхэлбэл эрчим хүчний салбарын сэргэлт болно гэж ярьж байна?
- Мэдээж төр компаниудаа шууд 100 хувь хувьчлах нь нөгөө талаасаа эрсдэлтэй. Хариуцлага муутай хүн бүгдийг нь хувьчилж авчихаад засвар ч хийхгүйгээр зөвхөн хэрэглэгчээс орж ирэх мөнгийг нь ашиг олох зорилгоор цуглуулаад байвал сэргэх байтугай сэхээнд орно. Тиймээс 100 хувьчлах нь тийм ч сайн хувилбар биш. Миний бодлоор 60/40 юмуу эсвэл 51/49 гэдэг харьцаагаар, ингэхдээ дийлэнх нь олон нийтийнх байх нь хамгийн оновчтой санагддаг. Төр муу менежер гэдэг. Дээр нь төрийн оролцоо хэт оролцоог дагаж хяналт шалгалт ч ихтэй болдог.
Цагдах тусам хүнээс шинэ зүйл гарахаа больдог. Урсгалаараа л ажлаа хийгээд явж байя, хандлагатай болчихдог. Манай байгууллагад ч ийм байдал үүсэж байгааг үгүйсгэхгүй. Харин олон нийтийн өмчийнх болчихвол хүмүүс өөрсдийнхөө компанийг ашигтай ажиллуулахыг хичээнэ.
Дээр нь ая тухтай, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдаж амьдрахын тулд салбараа өөрсдөө илүү сайн ойлгож эхэлнэ. Хөрөнгө оруулалтаа зөв зүйлд зарцуулж, гаргалгаа зөв олно. Өөрөөр хэлбэл эрчим хүчний компаниуд олон нийтийнх байх ёстой, тэр дундаа хувь эзэмшил нь 50-аас илүү байж гэмээнэ аль аль талдаа ойлголцож, компанийн засаглал ч сайжирна. Компанийн засаглал сайжирвал ажилчдын цалин, ажиллах орчин нөхцөл дагаад нэмэгдэнэ. Өнөөдөр эрчим хүчний салбар ялангуяа манай компани хүний нөөцийн дутагдалд орчихсон мөн л хүнд байна. Шалтгаан нь ажлын ачаалал, цалин
- Нэг ярилцлагадаа “2022 онд 306 хүн ямар нэг шалтгаанаар ажлаас гарсан байна. Үүнээс өөрийн хүсэлтээр ажлаас гарсан нь 201. Нийт бие бүрэлдэхүүний 10 гаруй хувь нь өөрийн хүсэлтээр ажлаас гарч байна гэсэн үг” гэж дурдсан байсан?
- Манайх 470 мянган хэрэглэгчтэй 1940 ажилтантай. Бүтцийн хувьд том байгууллага. Гэхдээ энэ нь яг тоноглолынхоо тоо хэмжээ хэмжээнд хуваагаад үзвэл нэг хүнд ногдох ачаалал нь маш өндөр. Улаанбаатар хот өдөр ирэх бүр тэлж байна. Гэтэл манай ажилчдын цалин нь нэмэгдэхгүй хэр нь ажлын ачаалал нь өдөр өдрөөр нэмэгдээд байхад аргагүй шүү дээ. Одоо сүүлдээ манайд ажиллах ажилтан олдохгүй байна. Тав зургаан жилийн өмнө манай компанид ажилд орох гээд иргэд хүлээдэг байсан. Гэтэл өнөөдөр зар тавиад ч ирэх ажилтан ховор. Зарим залуучууд ажилд ороод үсрээд л 2-3 сар ажиллаад гарчихдаг. Энэ нь өөрөө маш их эрсдэлийг дагуулдаг. Хүний нөөц маань ийм тогтворжихгүй болохоор эрчим хүчний салбарын эрсдэл маань бүр их нэмэгддэг. Хувийн компаниуд бол хангалттай цалин амлаад ажилтнуудаа тогтоочихдог. Харин манайх сая гаруйхан төгрөгөөр хэнийгээ тогтоох билээ.
ЦАР ТАХЛЫН ҮЕД МАНАЙХ КОМПАНИАРАА ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖИНД ӨВӨЛЖСӨН
- Танайх бол ТӨХК. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ. Төрийн албанд иргэд ажилд орох сонирхолтой байдаг нь нийгмийн асуудалд нь бага ч болов анхаардагт байдаг юм болов уу гэж хардаг?
- Хэдийгээр манайх төрийн өмчийн компани ч ихэнхдээ төр болон компани хоёрын дунд хаягдчихгээд байдаг. ТӨХК байхын нэг сул тал энэ юм уу даа. Төр ажил хийлгүүлэх болохоороо биднийг төрийн албан хаагч гэдэг. Тэгээд хамаг л хүнд хүчир ажлыг нь нугалуулна. Харин гавьяа шагнал болохоор та нар төрийн жинхэнэ албан хаагч биш гэж гадуурхана. Гэтэл бид чинь яг л төрийн албан хаагчид шиг бүх баяраар ажиллана. Цагаан сар, шинэ жил, наадмаар дуудлагаа аваад л, засвараа хийгээд л бүгд 24 цагаар ээлжлээд бригад болоод ажилладаг. Дээр нь цаг агаарын аль ч нөхцөлд цастай байсан ч, бороотой, салхи шуургатай байсан ч шонгийн модон дээрээ гарч л явдаг. Даараад байна, хүйтэн байна гээд хэрэглэгчдээ тоггүй байлгаж болохгүй биздээ.
- Улирлын аль үед хамгийн их ачаалалтай, хүнд байдаг вэ. Би бодохдоо өвлийн улиралд цахилгаан хэт ачааллаад хүндрэл их гардаг байх гэж бодож байтал зуны улиралд ялгаагүй хүнд байдаг юм шиг...?
- Жил бүрийн 3 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 1 хүртэл өвөлжилтийн бэлтгэлээ хангадаг. Өөрөөр хэлбэл бидний хамгийн их ажил ундардаг улирал нь хавар, зун_ намар. Аянгын улирлын хүрээнд 5 дугаар сарын 30-ны дотор зарим засваруудаа дуусах ёстой байдаг. Учир нь борооноос өмнө шугам тоноглолууддаа засвар хийж авахгүй бол аянга буугаад гэмтээчихдэг. Гэтэл энэ их засварын хажуугаар иргэд, ААН-үүд урин дулаан цагаар барилга барихдаа шугам тоноглол байнга гэмтээдэг. Барилгын улирлын үед манай тасралт болон дуудлагын тоо эрс ихэсдэг. Байнгын ачаалалттай явсаар өвөл жаахан намждаг. Гэхдээ сүүлийн үед иргэд цахилгаан халаагуур ихээр хэрэглэж байгаатай холбогдуулан шугам гэмтэх тохиолдлууд ихэссээр л байна. Тиймээс шуурхай ажиллагааны 24 цагийн бригад дээр нэмж засварын бригадыг ажиллуулдаг болсон.
- Ялангуяа цар тахлын үед цахилгаан дулааны үнийг төрөөс даах шийдвэртэй холбогдуулан танай ачаалал хэд дахин нэмэгдсэн гэх мэдээлэл байсан?
- Тухайн үед төрөөс эрчим хүчний үнэ хөнгөлөх шийдвэр гаргасантай холбогдуулан айлууд эрчим хүчний хэрэглээгээ шууд нэмэгдүүлж эхэлсэн. Тэр өвөл манайх компаниараа гэр хорооллын гудамд өвөлжсөн, бараг хоносон доо.
Зарим иргэд амьдрахгүй ч гэсэн байрандаа, байшиндаа, гэртээ халаагуур залгачихсан. Яагаад гэвэл цахилгаан нь үнэгүй юм чинь. Үүнээс нь болж шугамын утаснууд нь тасарна, гэмтэнэ. Улс төрийн энэ мэт халамжийн шийдвэрүүд хэдийгээр айл өрхдөө хэрэгтэй мэт боловч арай хийж тэсэж байгаа эрчим хүчний салбарыг үнэндээ сөхрөөсөн. Шийдвэр гаргагчид хүртэл цахилгаан эрчим хүч дутагдалтай гэдгийг ойлгохгүй байгаагийн жишээ энэ шүү дээ.
- Сүүлийн үед цахилгаанаа оргил ачааллын цагаар хэмнэхийг уриалж байгаа. Үр дүн гарч байна уу. Иргэд цахилгаан дулаанаа хэмнэж чадаж байна уу?
- Тогоо тохируулъя гэдэг уриалга гарснаас хойш иргэд нэг хэсэг хэмнэсэн. Гэвч сүүлийн үед хэрэглээ буцаад нэмэгдэж байна. Ер нь манайд цахилгаан эрчим хүчний үнэ хэт бага байгаагаасаа болоод хэмнэнэ гэдэг ойлголт байдаггүй. Европын орнуудад Япон, Солонгост улсад цахилгаан, дулаан нь хямд учраас өрөөний градусаа 20-с хэтрүүлэхгүй, зузаан цамцтайгаа өвөлжчихдөг. Харин Монголд тариф нь хямдхан учраас зүгээр л бүх юмаа залгачихаад хэрэлдээд сууж байдаг. Тиймээс одоо яг үнэндээ халаастай нь ярих цаг болсон. Хамгийн шударга хувилбар. Ядаж л оргил ачааллын үед цахилгааны төлбөр нь өндөр байх хэрэгтэй. Энэ нь цаашлаад иргэдийг хэмнэлтийн дадлыг хүссэн хүсээгүй суулгачихна.
- Манайхан нэг үеэ бодвол эрчим хүчний шинэ эх үүсвэр дээр анхаарал хандуулж ярьдаг болчихож. Харин түгээх, дамжуулахыг нь тэр бүр анзаарч харахгүй байна уу даа?
- Яг үнэн. Иргэд ч тэр, Засгийн газар нь ч тэр түгээх, дамжуулах сүлжээ дээрээ анхаармаар байна. Одоо бүгд эрчим хүчний эх үүсвэр гэдэг зүйл санаа зовж байна. Эх үүсвэр хэрэгтэй юу гэвэл үнэхээр хэрэгтэй. Гэвч хэчнээн их эх үүсвэртэй байгаад түүнийг түгээх сүлжээ нь муу байвал эрчим хүчний салбар сэргэх үү. Одоо бид алдагдал багатай, засваргүй, хүний амь насанд аюул багатай найдвартай шугам тоноглолоор бас хэрлэгчидээ тэжээмээр байна. Энэ олон мянган муудсан тулгууруудаа сольж нэг ч гэсэн хүнийн амь насыг авармаар л байна шүү дээ. Хэрвээ надад хангалттай хөрөнгийн эх үүсвэр гаргаад өгчихвөл нэгдүгээрт Улаанбаатар хотын цахилгааны аюулгүй байдлыг хангахад зориулмаар байна. Өсөн нэмэгдэх хэрэглээг хангах хэмжээнд авчирмаар байна. Цаашлаад тог тасрах болгонд шуурхай ажиллагааны бригад нэг газраас нөгөө рүү явдагаа болиж бүгдийг нь автомат систем шилжүүлмээр байна. Одоо дэлхийн бүх улс орнууд автомат системтэй болчихсон. Манайд ганцхан 19 дүгээр хороолол л автомат системд шилжүүлэхээр ажиллаж байна.
“АЛСЫН ХАРАА - 2050” БОДЛОГЫН БИЧИГ БАРИМТАД ТУСГАГДСАН АЖЛУУДААС НЭГ Ч ХЭРЭГЖЭЭГҮЙ БАЙНА
- Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК бол манай улсын эрчим хүчний цорын ганц хувьчлагдсан компани. Хувийнх болохоор ч тэр үү техник технологи нь с сүүлийн үеийнх?
- Яг үнэндээ бид Дархан Сэлэнгийн түгээх сүлжээ компанид атаархдаг. Тэд чөлөөтэй боддог, яг бодсоноороо чөлөөтэй ажиллаж чаддаг. Гэтэл ТӨК яаж байна, нэг тулгуур худалдаж авах гэж бөөн юм болно. Миний хувьд 3 дугаар сарын 15-наас засвараа эхлүүлэхийн тулд дөнгөж он гараад 1 сараас эхлэн Үнэлгээний хороо, тендертэйгээ зууралддаг. Манай улс үйлдвэр багатай. Тиймээс ихэнх нь сэлбэг, хэрэгсэлийг гаднаас худалдаж авахаар тендер зарлана. Бөөн юм болж тендерээ зарлаад шалгаруултал нөгөө компанид нь таалагдахгүй гомдол гаргачихна. Энэ мэт чирэгдэлээс болж миний ажил хийх хугацааг богиносдог. Ер нь ихэнхдээ ёстой чүүтэй чайтай нэг материалаа олж аваад л засвараа эхлүүлдэг дээ.
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу тендерийн хууль аж ахуй нэгжүүдийг сөхрүүлдэг нь нууц биш. Уг нь эрх баригчид энэ хуулиндаа байс гээд л өөрчлөлт оруулдаг ч дорвитой өөрчлөлт мэдэгдэхгүй байгаа талаар ярьсаар л байна?
- Тухайлбал нэг засварт дор хаяж 5-10 төрлийн багаж хэрэглэгддэг. Гэвч эдгээр багажнуудын зөвхөн нэг нь ирээгүй тохиолдолд засварын ажлаа дутуу хийх болдог. Дараа нь нөхөж хийхийн тулд дахиад л хэрэглэгчийн цахилгааныг тасална. Дээр нь манай тендерийн хууль хамгийн хямдыг нь буюу хамгийн чанаргүйг авдаг системтэй. 1000 төгрөгийн багаж, 2000 төгрөгийн багаж хоёр хоорондоо чанарын асар их ялгаатай. Харин Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани бол за үүнийгээ сайжруулъя, тэрийг худалдаж авъя. Чиний зарж байгаа сэлбэг чинь сайн юм байна гээд шууд авчихдаг. Бид ийм үйлдэл хийвэл ашиг сонирхолтой юм яагаад худалдаад авчихав гээд шалгуулна. Ер нь Төрийн өмчийн компаниудын хөгжихгүй байгаагийн шалтгаануудын нэг нь энэ дээ.
- Монгол Улсыг хөгжүүлэх “Алсын хараа - 2050” гэж бодлогын бичиг баримт бий. Үүнд эрчим хүчний салбар хэрхэн хөгжихөөр “зурагдсан” бэ. Ер нь бодлогод тусгагдсаныхаа дагуу ажлууд хийж байна уу?
- Уг нь маш сайн суусан. 2040 он хүртэлх төлөвлөгөө 5,5 жилээр гаргасан. 2025 онд юу хийх вэ, 2030, 2035 онд яаж өсөлтөө хангах вэ гэх зэргээр. Тавхан жилийн өмнө Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 1000 Мвт-д хүрч байсан. Гэтэл энэ өвөл Улаанбаатар хот дангаараа мянга гарчихлаа. Энэ байдлаараа явбал 2040 онд буюу одоогоос 16 жилийн дараа 1950 Мвт-д хүрэхээр тооцоолсон. Гэтэл өнөөдөр төлөвлөгөөнд тусгагдсан зүйлүүдээс баригдсан юм юу ч алга.
- Тухайлбал 2025 он хүртэл төлөвлөгөөнд ямар ажлууд тусгагдсан вэ?
- 110 кв-ын 16 дэд станц, 220 кв-ын 3 дэд станц, түгээх сүлжээний болон сэргээгдэх эрчим хүчний станц гээд нэлээн юм бий. Гэвч эдгээрээс одоогоор нэг нь ч төлөвлөгөөнийхөө дагуу хийгдээгүй байна. Монгол улс хөгжье гэвэл дэд бүтэц сайтай, тэр тусмаа цахилгаан эрчим хүч хангалттай байх ёстой. Өөрөөр хэлбэл бид ирээдүйн хөгжлийнхөө анхдагч хэрэгцээндээ хөрөнгө оруулалтаа зөв хийж чадахгүй байна. Үүний цаана дахиад л үнийн тариф яригдана. Сая ОХУ-д цаг агаарын хүнд нөхцөл, гэмтэл бас 150 мВт-аар орж ирдэг байсан цахилгааныг хязгаарлана гэхэд хот маш хүнд байдалд орсон. Улаанбаатар хотын 20 хувь шууд цахилгаанаа хязгаарлуулна гэсэн үг. Харин энэ мэдээнээс хойш хүн бүхэн эрчим хүчний салбартаа маш согог хандаж эхэлсэнд баяртай байна.
ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА.
Tender iin himd une gedeg shalguur uneher buru uya bolson ed, process n ch gesen end mash tod helsen bna
Хэрэглэгчдээ анхаараад салбарыг нь анхаардаггүй явж иржээ, одоо салбараа анхаарч байна гээд цахилгаан, дулаан, уур паарны үнээ 10 дахин өсгөх байх даа
Эрчим хүчний салбартаа анхаарах цаг болжэээ, үнэндээ өдөр бүр цахилгаан тасраад хэцүү л бнашдэ