УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компаниуд төсвийн хөрөнгөөр зарласан олон тендерт шалгарч, эздийгээ төрөөс төрсөн тэрбумтан болоход нөлөөлж байгаа талаар хэвлэлүүд хэд хоног дараалан бичиж байна. Тэрээр Авлигын эсрэг хуульд зааснаар хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ Авлигатай тэмцэх газарт гаргаж өгдөг албан тушаалтан. УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа Гадаад харилцааны сайдаар улираан томилогдохдоо буюу тухайн оны долоодугаар сарын 3-нд АТГ-т шинэчлэн гаргасан ХАСХОМ-т дурдсанаар “Мөнхийн үсэг” ХХК, “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Азхур” ХХК, “Экопак монгол” ХХК, “Баялгийн хувь” ХК, “Женко тур” ХК, “Монгол 999 Үндэсний нэгдэл” ХК, “Эрдэнэс Монгол” ХК, “Эко цаас” ХХК, “Батар интернейшнл” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг хэмээжээ. Эдгээр 10 компаниас зургаа нь Б.Батцэцэгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгж бөгөөд өдгөө түүний хамаарал бүхий хүмүүс гүйцэтгэх удирдлага, эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй байгаа юм. Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “хамаарал бүхий этгээд” гэдгийг тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ гэж заасан байдаг. Мөн ашиг сонирхлын зөрчил гэдгийг “нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” хэлэхээр тодорхойлжээ.

МАН үнэмлэхүй олонх болж ялсан сүүлийн найман жилийн хугацаанд Гадаад харилцааны дэд сайд, сайдаар ажиллаж буй Б.Батцэцэгийн хамаарал бүхий “Мөнхийн үсэг”, “Азхур”, “Монголын үнэт цаас хэвлэл”, “Экопак” гэсэн дөрвөн аж ахуйн нэгж хэвлэх үйлдвэрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдгаас эхний гурав нь 2014 оноос хойш төрөөс зарласан маш олон удаагийн тендерт ялж, хэдэн тэрбум төгрөг халаасалсан байдаг. Б.Батцэцэгийн 2008 онд байгуулсан, өдгөө хамаарал бүхий хүн болох Батмөнхийн Лхагвадорж гэх хүн эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй, удаа дараагийн сонгуулийн саналын хуудсыг хэвлэдэг хэмээн мэдээлж буй “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь автомашин, механизмын худалдаа, хэвлэлийн үйлдвэрлэл, торгон хэвлэл, түүхий эд материалын болон хэвлэлийн тоног төхөөрөмж худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. 2021 онд Автотээврийн үндэсний төвөөс зарласан улс хоорондын зөвшөөрлийн бичиг 33 сая, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэвлэх 99.5 сая төгрөгийн тендерт шалгарсан байна. 2023 онд гааль, АТҮТ-ийн 60 болон 184 сая төгрөгийн үнийн дүнтэй тендерийн эзэн болжээ.

 “Мөнхийн үсэг” нь дээрх компанитайгаа ижил үйл ажиллагаа явуулахаас гадна дээр нь нэмээд бэлэг дурсгалын зүйлсийн үйлдвэрлэл, худалдаа, сав, баглаа, боодлын үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг юм байна. Тус компани зөвхөн 2025 онд 85.1 саяын үнийн дүнтэй, МУИС-ийн ромбо, диплом, “Чингис хаан” үндэсний музейн 150 саяын үнийн дүнтэй танилцуулга, ном, тараах материал хэвлэх, Баянзүрх дүүргийн 60 жилийн ойн ном хэвлэх 87.5 сая төгрөгийн үнийн дүнтэй тендерт шалгарчээ. 2024 онд Монголбанк, МУИС, Төрийн банкны тендерээс гадна Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас зарласан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх тараах материал хэвлүүлэх 200 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг авсан байна.

Ном, хэвлэмэл бүтээгдэхүүний худалдаа, хэвлэх үйлдвэрлэлийн “Азхур” ХХК нь 2025 онд Зээлийн батлан даалтын сангийн 157 сая төгрөгийн төсөвт өртөгтэй бичгийн цаас авах тендерт шалгарчээ. 2024 онд “Амгалан” амаржих газарт 22 сая төгрөгийн бичгийн цаасны тендерт мөн шалгарсан байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн санал тоолох хайрцагны нийлүүлэгчийн тендерт оролцон ганцаараа шалгарч байсан гэж хэвлэлүүдэд мэдээлэгдэж байгаа “Мөнхийн үсэг” группийн охин компани “Экопак Монгол” ХХК нь сав, баглаа боодлын болон хэвлэлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж нээлттэй мэдээллийн санд бүртгүүлжээ. Гүйцэтгэх захирал нь Ч.Мөнхбаяр хэмээн нээлттэй мэдээллийн санд байгаа ч Б.Батцэцэг сайдын ууган хүү Г.Соджамц удирддаг юм билээ.

Цаасны үйлдвэрлэл, газар тариалан, барилгын материалын худалдааны “Экоцаас” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Д.Ганбат, Б.Лхагвадорж нар байна. Ямар нэг тендер оролцсон талаарх мэдээлэл байхгүй. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт 20000 гаруй ам метр газар үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зорилгоор эзэмшдэг аж.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ХАСХОМ-т бүртгэлтэй “Батар интернейшнл” ХХК нь программ хангамжийн үйлчилгээ, гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, эцсийн өмчлөгч нь нөхөр нь буюу Д.Ганбат юм байна.

Б.Батцэцэг сайдын 2018 оны ХАСХОМ-т “Ви Эс Эм” гэх компани бүртгэлтэй байсан ч сүүлийн жилүүдэд хасагдсан байдаг. Хан-Уул дүүргийн нутаг дахь “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийнх нь байранд үйл ажиллагаа явуулдаг эл аж ахуйн нэгж нь мэдээллийн технологийн үйлчилгээ, программ хангамжийн үйл ажиллагаа,

орчуулгын үйлчилгээ, Монгол улсын иргэнийг Япон улсад ур чадварын дадлагажигчаар зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг байна. 2018 онд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих зорилгоор шалгарсан төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, олон нийтэд таниулах мэдээллийн портал сайт боловсруулах” тендерт шалгарч байсан нь нээлттэй мэдээллийн санд бий. Тус компанийг 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ноос өмнө Г.Соджамц удирдаж байжээ.   

Д.Амар