УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж буй. Хуулийн өөрчлөлтөөр банкны салбарын хувь эзэмшлийн төвлөрлийг 34, 51 хувьд хүргэхээр тусгасан. Энэ талаар салбарын мэргэжилтнүүд байр сууриа хүргэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Бид 2021 онд Банкны хуулийг өөрчилж, хувь эзэмшлийн дээд хязгаарыг 20 хувь гээд заачихсан. Тухайн үедээ банкны өмчлөлийг задлах, нээлттэй болгох зөв зорилготой байсан ч амьдрал дээр эргээд харахад дутуу дулимаг зохицуулалт болсон нь харагдлаа. Тиймээс энэ удаагийн өөрчлөлтөөр хувь эзэмшлийн дээд хязгаарыг нээлттэй банканд 34, хаалттай банканд 51 хувь хүртэл байхаар тогтоож өгч байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид зүгээр нэг мөнгө байршуулаад зогсохгүй, менежмент, үйл ажиллагаанд нь гар бие оролцох сонирхол нь төрнө. Гаднын хөрөнгө оруулалт татсанаар урт хугацаандаа зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэх юм.