Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Ажлын хэсэг” байгуулж, улсын хэмжээнд хууль бусаар ашигт малтмал олборлож буй үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтыг Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байгаа бөгөөд нийт 40 алба хаагч хамрагдан, 146 аж ахуйн нэгж, нөхөрлөл, бичил уурхай болон бусад холбогдох үйл ажиллагаанд шалгалт хийж байна.

Шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй 10, зөрчлийн шинжтэй 21 үйлдлийг илрүүлэн материалжуулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох зорилгоор ууланд нууж байршуулсан 9 ширхэг хүнд даацын техник, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл, алт угаах зориулалттай 3 төхөөрөмжийг илрүүлэн тогтоож, эзэмшигчдийг нь тодруулан, техник хэрэгслийг суурин газрын төвд татан оруулах арга хэмжээ авчээ.

Мөн тус аймагт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 11 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийх үеэр 11 техник хэрэгслийг суурин газрын төвд татан оруулж, 33 техник хэрэгслийг уурхайн байршилд нь байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар лацдуулсан байна.

Булган, Төв аймгийн нутаг дэвсгэрт хийсэн шалгалтаар талбайн хэмжээг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн, газрын хэвлийд хууль бусаар халдаж ашигт малтмал олборлосон зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд илэрчээ.

Түүнчлэн алт угаасан бохир усыг Туул гол руу урсгаж байсан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү алт угаах төхөөрөмж ашигласан, техникийн тос, масло хөрсөнд асгасан зэрэг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй зөрчлүүдийг илрүүлэн шалгаж байна.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 17 аж ахуйн нэгж, 4 бичил уурхайд хяналт шалгалт хийхэд зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй, зөвшөөрөлгүй талбайд үйл ажиллагаа явуулж газар эвдсэн, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон бичиг баримтын бүрдэл хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Хэнтий аймагт мөн талбайн хэмжээг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй үйлдэл илрүүлснээс гадна холбогдох бичиг баримт, усны дүгнэлтгүйгээр үйл ажиллагаа явуулсан, улсын байцаагчийн тавьсан лацыг дур мэдэн хөндсөн зэрэг зөрчлийг тогтоожээ.

Харин Дархан-Уул аймагт хийсэн шалгалтаар олборлолтын талбайн солбилцлын цэгийг кадастрын мэдээлэлтэй тулган шалгахад тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Ажлын хэсгийн хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хяналт шалгалтын явцад байгаль, цаг уурын хүнд нөхцөл, замын шавар шавхай, хур борооны үеийн голын усны түвшин нэмэгдэх зэрэг хүндрэл үүсэж байгаа бөгөөд алслагдсан уул уурхайн бүсэд ажиллахад туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл, моторт хийлдэг завь шаардлагатай байгаа аж.