Ховд аймгийн Буянт суманд хөрш айлынхаа тарвас хураалтад туслахаар явсан 10 настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Охин наймдугаар сарын 1-ний өдөр гэрээсээ гарснаас хойш сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсны эцэст наймдугаар сарын 14-нд цогцсыг нь олсон. 

Цагдаагийн байгууллага уг хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хөрш айлын хоёр хүнийг сэжигтнээр шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн.

Харин Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа талийгаач охины ар гэрт орон байртай болоход нь дэмжлэг үзүүлж, 50 сая төгрөгийн тусламж олгохоор болсон талаар “Ховд.мн” мэдээлсэн байна.

Уг асуудлыг энэ сарын сүүлээр болох аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, шаардлагатай төсвийг батлахаар төлөвлөжээ.

Мөн талийгаач охины ар гэрийнхэн Улаанбаатар хотод шилжин суурьших хүсэлт гаргасан байна. Нийслэлийн зүгээс ч ар гэрийнхнийг хотод байх хугацаанд нь түрээсийн байраар хангах дэмжлэг үзүүлэхээр болсон талаар мэдээлжээ.