Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл өнөөдрийн байдлаар 75 хувьтай байгаа бөгөөд есдүгээр сарын сүүлч гэхэд 100 хувьд хүргэхээр ажиллаж байна. Өвлийн улиралд үүсэх чадлын дутагдлыг импортоор нөхөхөөр төлөвлөжээ.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ өвөл цахилгаан станцуудын бүх зуух, тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах шаардлагатай байгааг онцоллоо.

Тэрбээр “Ямар ч нөөцгүй ажиллана. Цахилгаан станцуудын нэг ч зуух сул зогсохгүй, бүх хүчин чадлаараа өдөр, шөнөгүй ажиллана гэсэн үг. Эрсдэл байгаа ч хязгаарлалт хийхгүйн төлөө хичээж байгаа” гэв.

Нэг турбингенераторыг 2028 оноос ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бол нөгөө турбингенераторыг энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар сайд мэдээлэв.

Турбингенераторын сэлбэгийг захиалж, үйлдвэрлүүлэхэд хугацаа шаардлагатай байгаа нь засварын ажилд тодорхой хугацаа авч буйг тэрбээр тайлбарлав.

Засгийн газар төсвийн тодотголд эрчим хүчний салбарт 200 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгасан байна. Уг татаас нь хүнд нөхцөлд эрчим хүчний үнийг огцом нэмэгдүүлэхгүй байх зорилготой. Өөрөөр хэлбэл, энэ онд эрчим хүчний үнийг нэмэхгүй, шаардлагатай зардлыг татаасаар нөхөхөөр төлөвлөж байгаа аж.

Сайд мөн Монгол Улс нүүрсний арвин нөөцтэй хэдий ч эрчим хүчний хэрэглээнийхээ тавны нэгийг гадаадаас импортолж байгааг онцолж, дотоодын цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатайг хэллээ.

Түүний хэлснээр, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг барих ажил удааширсан нь өнөөгийн хүндрэл үүсэх нэг шалтгаан болж байгаа юм.