УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж буй. Хуулийн өөрчлөлтөөр банкны салбарын хувь эзэмшлийн төвлөрлийг 34, 51 хувьд хүргэхээр тусгасан. Энэ талаар салбарын мэргэжилтнүүд байр сууриа хүргэлээ.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Банкны тухай хуулийн энэ өөрчлөлт өнөөгийн санхүүгийн салбарт тулгамдсан гол зовлонг шийдэх гэж байна гэж харж байгаа. Манайд зээлийн хүү өндөр, эх үүсвэр хомс байдгийн гол шалтгаан нь зах зээл жижиг, банкнууд дотроо л хэдэн төгрөгийнхөө төлөө өрсөлддөгт байгаа юм. Үүнийг шийдэхийн тулд гаднын хөрөнгө оруулалт, гадаадын банкнуудыг оруулж ирэх ёстой гэж салбарынхан олон жил ярьсан.

Энэ удаагийн төсөлд банкны салбарыг либералчлах, хувь нийлүүлэгчдийн 20 хувийн хязгаарлалтыг чөлөөлөх, тэднийг 'эцсийн өмчлөгч' гэдэг агуулгаар нь харах зэрэг маш оновчтой шийдлүүд туссан байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай банкны тодорхойлолтыг цэгцэлж, олон улсын том тоглогчид орж ирэх үүдийг нээж өгч байгаагаараа агуулгын хувьд маш том өөрчлөлт болжээ.