Өглөөний нарнаас өмнө сэрж, орой хотын гэрэл унтарсны дараа ч ажил, зорилго хоёрынхоо дунд алхаж яваа хүнийг зарим хүмүүс өөрөөр дүгнэдэг байх. Ажил л боддог хүн юм, амьдралаас тасарчихсан юм шиг. Мөнгөний араас хэтэрхий их хөөцөлдөж байна гэх мэтчилэн.
Гэхдээ тэдний харахгүй мөн чанарт нэг зүйл бий. Тэр өөрийнхөө маргаашийг бүтээхийн төлөө өнөөдрийнхөө тухтай мөчүүдийг сольж яваа юм. Хичээнгүй хүний амьдрал гаднаас харахад заримдаа хатуу, хөндий мэт санагддаг. Тэд гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх цагийг багасгаж магадгүй, найз нөхдийн дунд үргэлж байдаггүй байж ч болно. Гэвч энэ нь хайргүйдээ ч биш тоодгүйдээ ч биш. Харин илүү сайхан амьдралд хүрэх замыг өөрийн гараар засаж яваагийн илрэл юм.
Хүн бүр өөрийн гэсэн тэмцэлтэй. Хэн нэгэн өнөөдөр тайван амьдрахын тулд өчигдөр олон зүйлийг тэвчсэн байдаг. Хэн нэгэн бусдад харагдахгүй шөнүүдэд өөртэйгөө тэмцэж, айдсаа давж, эргэлзээгээ дарж суудаг.
Зарим хүн ядруухан амьдралын гашуун мэдрэмжийг мэдэрснийхээ дараа өөрчлөгдөх шийдвэр гаргадаг бол зарим нь утгагүй яриа, хий дэмий өнгөрөх цаг хугацаа ямар үнэтэйг ойлгосныхоо дараа зорилгодоо төвлөрдөг.
Учир нь амьдралыг нь хэн нэгэн ирээд өөрчилж өгөхгүй гэдгийг ойлгож, өөрийн гарт хувь заяа бий гэдгийг ухамсарлах юм. Амьдрал бол хүлээж суудаг цаг хугацаа биш, бүтээж бий болгох орон зай гэдгийг гүнзгий ойлгох нь чухал. Тиймээс тэд зүтгэдэг. Өдөр бүр бага багаар урагшилдаг. Өчигдрийн өөрөөсөө илүү болохын төлөө хичээдэг.
Тэдний биед ядарсан мэдрэмж магадгүй хөндүүр бий. Нүдэнд нь нойр дутуугийн мөр бий. Гэхдээ сэтгэлд нь нэг зүйл үргэлж гийгүүлнэ, “ Би чадна ” гэсэн итгэл.
Хүн өөртөө хайргүйдээ өөрийгөө ингэж дайчилдаггүй. Харин өөрийгөө, ирээдүйгээ, хайртай хүмүүсээ илүү сайхан амьдралтай байлгахын тулд аливаа зүйлийг умартаж хичээдэг. Өнөөдөр хэн нэгэн түүнийг “ажилдаа дарагдсан хүн” гэж харж болох ч маргааш тэр хүн өөрийнхөө босгосон амьдралын дэргэд цээж дүүрэн амьсгалж агшин бүрийг мэдрэн зогсож буй хүн юм. Түүнд зүтгэл бий.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!